Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогынхоо доод биш дээд хэмжээг нь баталчхаад хэт өөдрөг тооцоолох нь төсвийн тодотгол дахин хийхэд хүргэнэ шүү

УИХ-ын чуулганы /2025.09.17/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Монгол Улсын тэнцвэржүүлсэн нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-гоос 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцэж байгаа тул энэ хүрээндээ асуултаа асууя.

Би саяхан төсөв бол улс төрийн хэрэгсэл болох ёсгүй гэсэн агуулгатай ярилцлага өгсөн. Үүний гол санаа нь юу вэ гэхээр аль ч улс төрийн намаас нэр дэвшиж, ялж гарснаас үл хамааран төсөв бол бодлогын хэрэгсэл юм аа. Төсвөөрөө дамжуулаад хөгжлийн бодлогодоо тухайн жилийнхээ ЗГ хөтөлбөрт тусгасан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх ёстой байдаг. Тэр утгаараа хэлсэн юм.

Хоёрдугаарт, гадаа ахмадууд жагсаж, тэтгэврийнхээ хэмжээг өсгөхийг хүсэж байна. Ахмадын тэтгэврийн өсгөх тал дээр итгэл байгаа гэдгийг хэлмээр байна.

Гол зүйл дээрээ төвлөрье. Өмнөх онуудын төсвийн баримт бичгүүдийг бодвол энэ удаагийнх харьцангуй чамбай орж ирсэн гэж харж байгаа. Эдийн засгийн өсөлтийг тодорхой хэмжээгээр 0,2-оос 0,4% нэгжээр бууруулсан байна. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон төсвийн тэнцвэржүүлсэн зарлага ба тусламжийн дүн хэмжээг 1-ээс 2 их их наяд төгрөгөөр бууруулсан байна. Гэвч төсвийн орлого эерэг, хэт өөдрөг хэвээр, тооцоолол хэвээр байна гэдгийг гишүүд хэлж байна.

Гишүүдээс эхлэн 10 жилийн сурагчид хүртэл хардаг болчихсон нүүрсний гаргах хэмжээ буюу 90 сая дээр хүн болгон акцент өгөөд байна шүү дээ. Үүнийг эргэж хараасай.

Яагаад заавал 90 сая тонн гэж 75-аар ч юм уу тооцчихоод бодит амьдрал дээр энэ нь үнэхээр 90-д хүрчих юм бол тэр илүү гарч байгаа зардлаа, нийгмийн нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжээ зорилтот бүлэг рүүгээ чиглүүлээд оновчтой болгоход зарцуулбал яасан юм гэдэг горимын санал байна аа. 

Учир нь энэ оны эхний 7 сарын байдлаар төсвийн орлого 6,1 их наядаар буурсан буюу 16,58 их наяд байгаа. Мөн зарлага 10,7%-аар өссөн буюу 16,87 их наяд хүрсэн. ААНОАТ өмнөх тооцоолсон дүнгээс 1,13 их наяд, ,Амнат 1,19 их наяд төгрөгөөр буурчихсан байна. Гэтэл ирэх 2026 онд үүнийгээ өсгөнө гээд оруулаад ирсэнд санаа зовж байна.

Товчхон базаад хэлэхэд төсвийн тэнцвэржүүлсэн орлогынхоо доод хэмжээг биш дээд хэмжээ гээд баталчхаад хэт өөдрөг тооцоод байна. Дахин тодотгол хийх асуудлууд гарна аа. Тэгэхээр бие биеэ хуурахгүйгээр, иргэдээ хэт хүлээлтэд оруулахгүйн тулд бодитой ажиллая аа гэсэн л товч тодорхой саналыг хэлж байна. 

Түүний асуултад Эдийн засаг, Хөгжлийн сайд Н.Учрал хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Төсвийн төсөөлөлХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025