Байр суурь2 мин унших
Х.Тэмүүжин: Иргэд бодлогын цоорхой дотор амь насны эрсдэлээ үүрч явна
УИХ-ын чуулганы /2025.09.26/-ны өдрийн Улсын Их “Хурлын асуулгын цаг”-аар гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр УИХ-аас баталсан Монгол Улсын ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2.1.14-д дараах бодлогын чиглэл бий. Гэрч, хохирогчийг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж, хохирогчийн эрхийг хангах, хохирол барагдуулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана аа гэсэн.
Энэ хүрээнд 3 ажил бичигдсэн юм. Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог 2016 онд татан буулгаснаас хойш дахин 15 жилээр ухраад, өнөөдөр ямар нэгэн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон иргэд энэ төрлийн хамгаалалтгүй байдлаас болоод ажлын байран дээрээ олон хутгалуулж үхдэг тохиолдлууд давтагдаж байна.
Иргэд бодлогын цоорхой дотор амь насны эрсдэлээ үүрч явна. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах байгууллагыг буцаан сэргээх бодлогыг хэзээнээс хэрэгжүүлэх вэ? Хохирол барагдуулах үйл ажиллагаатай холбоотой хэсэгт соёлт хүн төрөлхтөн манайх шиг хохирол барагдуулах сан байгуулахаасаа илүүтэйгээр хохирол барагдуулах үйл ажиллагааны процессын хуультай байгаа юм.
Хүч хэрэглэсэн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогчийн хохирлыг төр энэ сангаас урьдчилж төлөөд, иргэн хохирсон дээрээ хохироод шүүхийн шийдвэр хүлээгээд зовдог биш харин төр хохирсон иргэний хохирлыг урьдчилж төлчхөөд буруутай этгээдүүдээс сангийн хохирлыг барагдуулахын болгохын төлөө ажилладаг иргэндээ ээлтэй тогтолцоог бий болгочхоод байгаа юм.
Бид үүнийг бий болгохгүй бол гудамжинд зодуулсан иргэн эрүүл мэндийн хохирлоо шүүхийг дуусан дуустал, дээр нь зардал гаргаж хүлээдэг. Эрүүл мэндээрээ хохирчхоод, төлбөрөө карманаасаа гаргадаг гажиг тогтолцоо бий болчхоод байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
