Байр суурь2 мин унших
С.Эрдэнэболд: Төсвийн хэмжих зүйлийг тодорхой болгож, эрэмбийг яаралтай тогтоохгүй бол хүчтэй улс төрчдийн лоббигоор Монгол Улсын хөгжил өрөөл татанхай болчхоод байна
УИХ-ын чуулганы /2025.09.26/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын асуулгын цагийг анх удаа явууллаа. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг "УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГ" болгон өөрчилсөн.
Ингэснээр парламент бол мэтгэлцдэг, иргэдийн мэдэх эрхийг хангадаг, ул суурьтай шийдэл яриа өрнөнө гэж үзсэн. Анхны УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.
Эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд аа асуулт асуухаасаа өмнө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.1-ийг уншмаар байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, гадаад дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ гэж байгаа юм. Энэ бол оюун санааны нийгэм, эдийн засаг, улс төр гээд өргөн хүрээтэй сэдэв. Тэгээд энэ дотор эдийн засгийн аюулгүй байдал бол асар чухал байгаа. Энэ шууд утгаараа төсөвтэй холбогдож байгаа юм. Улс орон хэдий хэмжээний төсөв бүрдүүлээд түүнийг нь яаж зарцуулж байгаа, тэр нь үнэхээр хөгжил дэвшлийг авчирч чадаж байна уу, үгүй юу гэдэг асуултын тухай бид ярьж байгаа юм. Тэгэнгүүт энэ төсөв өөрөө асар том гажуудлыг бий болгож байгаа, шударга бус зүйлийг , өрсөлдөөний тэгш бус байдлыг бас бий болгож байгаа.
Сая АН-ын дарга, бүлгийн дарга дурдаж байх шиг байна. Гол зүйл нь өнгөрсөн жил ЗГ байгуулагдахдаа 578 зүйл заалттай мөрийн хөтөлбөрийг "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэж мөрийн хөтөлбөрийг байгуулсан баталсан. Үүнийгээ 11 хэмжих нэгжээр, 4 жилийн хугацаанд хэмжинэ. Хүний хөгжлийн индексийг 2 оронтой руу оруулна, авлигын индексийг ингэж бууруулна, өрсөлдөх чадварын индексийг ингэж сайжруулна гэдэг 11 хэмжих нэгжтэй зүйл тавьчихсан. Гэтэл яг энэ төсөв нь зөвхөн тоо яриад байгаа болохоос биш, яг энэ хөгжлийг авчрахын төлөө нөгөө 11 хэмжих нэгжийнхээ шалгуур дээр очиж тэр шалгуурыг хангах дээрээ асар том алдаатай болчихсон. Одоо яаж байна гэхлээрээ төсвийг эрэмбэлэх боломжгүй болчихсон. Уг нь бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал төсөв нийцэж байгаа эсэхийг аудит хянах ёстой байтал хэмжих хэмжүүр нь 15 жил тодорхойгүй байсан.
Тэгэхээр хэмжих юм нь тодорхойгүй болохоор төсвийг хянаж болдоггүй, төсвийг тодорхойлоод эрэмбэлж болохгүй, ийм нөхцөл байдал үүсчихсэн. Тийм учраас маш яаралтай энэ эрэмбийг тогтоохгүй болбол хүчтэй улс төрчдийн лоббигоор тал, тал тийшээ төсөв татагдаад Монгол Улсын хөгжил өрөөл татанхай болчхоод байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
