#Коммент2 мин унших
Х.Тэмүүжин: УИХ-ын танхимд бодит мэтгэлцээн өрнөж, парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нэмэгдэв

Өнгөрсөн хаврын чуулганаар иргэний эрхийг хамгаалах, УИХ-ын хяналтыг оновчлох, хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Ийнхүү УИХ-ын чуулганы /2025.09.26/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын асуулгын цагийг анх удаа явууллаа.
Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн уялдаа холбоотой, нэгдмэл байдлаар гаргадаг байх зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 10 гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачилсныг энэ оны долдугаар сард баталсан. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгоод байгаа юм.
Улсын Их Хурлын асуулгын цагийг ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хийх бөгөөд Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавьж, хариулт авахаар заажээ. Ерөнхий сайдад тавих асуултаа гишүүд Улсын Их Хурлын даргад бичгээр долоо хоногийн өмнө, түүнийг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын хоёр өдрийн дотор хүргүүлэхээр, мөн Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн хариулт өгөхөөр хуульчилсан юм.
Өмнө нь Засгийн газар өөрийн бэлдсэн мэдээллийг өгч, асууж хариулсан болоод өнгөрдөг байв. Харин Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Улсын Их Хурлын гишүүд Засгийн газраас цаг үеийн тулгамдсан асуудал, хуулийн биелэлтийн талаар шууд асууж байх боломжоор хангагдав. Ингэснээр УИХ-ын танхимд бодит мэтгэлцээн өрнөж, парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нэмэгдэв.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
