Үйл явдал1 мин унших
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Г.Уянгахишиг гишүүн ахална

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.09.29) хуралдаанаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл байв. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төслийн талаар гишүүдэд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 8 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигээр ахлуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар ажиллахаар төсөлд тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, баталлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа








