#Коммент3 мин унших

О.Саранчулуун: Сэргээн засалт нь зардал бус хөрөнгө оруулалт юм

О.Саранчулуун: Сэргээн засалт нь зардал бус хөрөнгө оруулалт юм

Сүүлийн жилүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээний талаарх ойлголт өргөжиж, хүний эрхэд суурилсан хандлагад тулгуурлах болсон ч бодлого, бүтэц, санхүүжилт, хүний нөөц, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тогтолцоонд бүрэн нэгтгэх тал дээр нэгдсэн ойлголт, мэдлэг дутмаг хэвээр байна. 

Түүнчлэн шинэ нэр томьёо хэрэглээнд нэвтэрч байгаа хэдий ч нийтлэг ойлголтыг бий болгох шаардлага тулгарч байгаа тул энэ сэдвийг хөндөж салбар болоод олон нийтэд чиглэсэн мэдээллийг чуулганаар дамжуулж өгөх санаачилгыг УИХ-ын гишүүн О.Саранчулуун дэвшүүлсэн юм.

Энэ санаачилга бодит ажил хэрэг болж өчигдөр "Сэргээн засалт ба хөгжлийн бэрхшээл" үндэсний чуулганыг Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг, "Тэгш нийгэм холбоо" ТББ хамтран зохион байгуулж байна.

Үндэсний чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 500 гаруй төлөөлөл оролцож байна.

Сэргээн засалт гэдэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамааралтай эмчилгээ төдий зүйл биш ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт хэмээн учир шалтгааныг учиглаж, харах өнцгийг өөрчлөн тэлсэн мессэжийг энэхүү чуулганаар дамжуулан нийтэд өгч буй нь тодоор тэмдэглэх ач холбогдол нь юм.

О.Саранчулуун: Сэргээн засалт нь зардал бус хөрөнгө оруулалт юм

Хүн хөгжлийн бэрхшээлтэй болж буй 2 шалтгаан байдаг.

  1. Төрөхийн хүндрэлээс үүдэлтэй,

  2. Эхээс эрүүл төрөөд амьдралын явцад янз бүрийн осол гэмтлээс үүдэлтэй.

Аль ч тохиолдолд сэргээн засах эмчилгээ шаардлагатай.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун сэргээн засалт гэдэг ойлголтыг бага насны хүүхдийг эрт оношилж, багаас нь эмчилгээнд хамруулах юм бол бага бэрхшээлтэй, бие даах чадвар сайтай, нийгмийн амьдралд оролцож, баялаг бүтээдэг хүн болох боломжтой болно гэдгээр ач холбогдлыг нь тайлбарлав.

Мөн тэрбээр “Хиймэл хөлтэй мөртлөө олон зүйл хийгээд явж байгаа надаас та бүхэн харж байгаа байх. Заримдаа хөл гэмтчихвэл босч чадахаа больчихдог. Биеийнх нь аль нэг хэсэг гэмтчихсэн ч амьдрал зогсохгүй шүү дээ. Хэн нэгний аав, ээж, нийгэмд оролцоотой ямар нэгэн хамт олны хэсэг байсан тул тэр амьдралаа эргүүлж авах боломжийг сэргээн засах эмчилгээний үр дүн олгодог” болохыг чухалчлав.

Тиймээс сэргээн засалтад оруулсан 1 төгрөг, эргээд 3-4 төгрөг болж өсдөг. Энэ бол хөрөнгө оруулалт. Үүнийг бид зардал биш хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Сэтгэл зүйн хөрөнгө оруулалт, бие бялдраа буцаан олж авах хөрөнгө оруулалт, нийгмийн харилцаандаа эргэн орох хөрөнгө оруулалт мөн.

Сэргээн засалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан гэж ярих нь явцуу юм. Учир нь сэргээн засах тусламж үйлчилгээ нь хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан гээд бүх хүнд хэрэгтэй. Хэрэв нас, хүйсээс үл хамааран өвдөгний үеэр өвддөг, ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай бол ирээдүйн амьдралдаа зарцуулах мөнгөө төлөвлөх хэрэгтэй болно.

Тиймээс энэ төрлийн үйлчилгээг гэр бүл, нийгэмд тулгуурлан хөгжүүлэх нь зайлшгүй хэрэгцээ. Үүний тулд туслах технологийн төвтэй болох шаардлагатай.

Дахин хэлэхэд сэргээн засалт бол зардал бус, харин хөрөнгө оруулалт юм. 1 төгрөгийн хөрөнгө оруулалт 3-4 төгрөгийн хэмнэлт бий болгож, ирээдүйд төрийн ачааллыг бууруулах үнэт шийдэл мөн.

О.Саранчулуун: Сэргээн засалт нь зардал бус хөрөнгө оруулалт юм
О.Саранчулуун: Сэргээн засалт нь зардал бус хөрөнгө оруулалт юм

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

сэргээн засалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012