Үйл явдал2 мин унших

Ж.Чинбүрэн: Нийгмийн загварт суурилсан урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх боломж бий

Ж.Чинбүрэн: Нийгмийн загварт суурилсан урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх боломж бий

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” сэдэвт чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын “Эрүүл мэнд” зорилгын 2.2-т “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлж, чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлнэ” гэж заасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх эхний үе шат (2021–2030)-ыг эрүүл мэндийн тогтолцооны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэчлэлийн үе гэж тодорхойлсон билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2.8-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, шаардлагатай иргэдэд урт болон богино хугацаанд цогц, нотолгоонд суурилсан үйлчилгээ үзүүлж, чанар, аюулгүй байдлыг хангана” гэж заасан.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/749 дүгээр тушаалаар баталсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэл, төлөвлөгөө (2021–2026)” нь олон улсын түвшинд нийцсэн, үйлчлүүлэгч төвтэй, чанартай, аюулгүй үйлчилгээг хөгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн.

Сүүлийн жилүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээний талаарх ойлголт өргөжиж, хүний эрхэд суурилсан хандлагад тулгуурлах болсон ч бодлого, бүтэц, санхүүжилт, хүний нөөц, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тогтолцоонд бүрэн нэгтгэх тал дээр нэгдсэн ойлголт, мэдлэг дутмаг хэвээр байна.

Түүнчлэн шинэ нэр томьёо хэрэглээнд нэвтэрч байгаа хэдий ч нийтлэг ойлголтыг бий болгох шаардлага тулгарч байгаа тул энэхүү чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы зорилго нь сэргээн засах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөгжлийн замын зураглал гаргах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.

Чуулганы нээлтэд оролцох үгэндээ салбар дундын уялдаа холбоог сайжруулах нийгмийн загварт суурилсан урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд нийгэм олон нийтийн оролцоо чухал бөгөөд хэрэгцээ шаардлага, бололцоо байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

сэргээн засалтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012