Үйл явдал1 мин унших
Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр /2025.10.11/ Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна.
Өнөө цаг үед маш олон шалтгаанаар хүмүүс стресс, ядаргаа, сэтгэлийн шаналал, гутрал, депресс, нойргүйдэл улмаар зарим нь амиа хорлолт гэх мэт сэтгэцийн асуудалд өртөж байна.
CNN-ээр хуучин Чикаго хотын захирагч байсан хүн орон сууцны хямрал залуу эрчүүдийг мотивацигүй болгож сэтгэл гутралд автуулж буй талаар ярьж буйг хальт сонсож таарсан юм. Тэрээр ном бичиж гаргасан байна лээ.
Монголд ч адил залуус ажилгүйдэл, ядууралд автахгүйн тулд гадагшаа их гарцгаахаас авахуулаад чадах чадахаараа л хичээж буй ч асуудал их байна. Ажилгүйдэл нь ядуурал, архидалт, гэр бүл салалт гэх мэт олон сөрөг үр дагавартайг бид мэднэ.
Аливаа асуудлыг шийдэхдээ олон хүчин зүйлсийг (хувьсагч) тооцож том зургаар нь (макро) шийдэх нь үнэхээр чухал. Нэг асуудал шийдэхэд нөгөө талд ямар дутагдал, гажуудал, сөрөг үр дүн гарах вэ гэдгийг л харна гэсэн үг.
Охид, эмэгтэйчүүд “хэт хүчирхэгжиж” нийгмийн баланс алдагдаж буй тухай зөвхөн манайд бус ялангуяа хөгжсөн улсууд мөн их мэтгэлцэж байгаа сэдэв. Шийдэлд улсын бодлогоос гадна эцэг, эхийн хүмүүжил, арга барил мөн асар нөлөөтэй.






