Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: Сайжруулсан нүүрс угаар үүсгэхгүй гэдгийг баталж чадахгүй байна!
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.11.04/-ний өдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.
Бид нэг талдаа утаа түгжрэл гээд цуврал асуудалтай. Нөгөө талдаа нийслэлийн иргэдийн амь амьжиргаа хийгээд хүний эрхийн асуудал. Үүгээрээ маш чухал сэдэв болохыг хэлээд байгаа юм. Олон сэдвийг хөндөж болох ч хамгийн халуун нь болох нүүрсээ яримаар байна.
Олон инженер, гэр хорооллын иргэдийн байр суурийг сонсож байна. Өмнөх гишүүдийн хариултад хангалттай, баталгаатай хариулт өгч чадахгүй байна. Нотлогдохгүй байгаа учраас иргэд бухимдалтай хэвээр байгаа юм. Бид иргэдийг төлөөлж сууж байгаа тул асуухаас аргагүй, зөв шийдлийг нэхэхээс өөр аргагүй. Угаар үүсгэж байна, угааргүй гэдгийг баталж чадахгүй байна. Энэ нь хүний амь настай холбогдоно. Дахиад хүүхэд, өрх гэр бүл бурхан болчих вий гэдэг айдас байна.

Хоёрдугаарт, эрчим хүчний нэмэлт зарцуулалт яригдаж байна. Эрчим хүчний дутагдал, хангамж үүсэж, эдийн засгийн хохиролтой байна.
Гуравдугаарт, шуудай тутмаас 20 мянга төгрөгийн алдагдалтай гэдэг дээр Арван жилийн хүүхэд ч ингэж хохирмооргүй байна гээд суух асуудал биздээ? Дахиад л эдийн засгийн асуудал...
Дөрөвдүгээрт, чанарын асуудал яригдаж байна. Сайжруулсан түлш гэхээр ямар ч хүн сайжирсан юм байна гэж ойлгоно. Гэтэл илчлэг нь эсрэгээрээ хуучин нүүрстэйгээ харьцуулахад давуу байдал нь харагдахгүй, батлагдахгүй байна гээд байна. Энэ асуудлыг тодорхой сайн яриад өгөөч!
Мөн өвлийн хүйтнээр дараалал үүсгэж иргэдэд хүндрэл учруулаад байна. Ажлаа хамгаалах зорилгоор биш чин сэтгэлээсээ хүн гэдэг утгаараа сайхан хариулаач хө!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн


