#Коммент3 мин унших
Утаа, агаарын бохирдлын Ерөнхий хяналтын сонсгол хийсэн анхны аймаг Баянхонгор болов

Парламентын ардчиллын амин зүрх Иргэний оролцоог хангах. Улс төрийн үйл ажиллагааны нэг эс нь СОНСГОЛ юм.
Үүгээр дамжуулж иргэдийн мэдэх эрхийг хангаж, ардчилсан ёс, хууль дээдлэх, баримт, мэдээлэлд үндэслэсэн талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангадаг.
Өөрөөр хэлбэл төрийг удирдах хэрэгт иргэд оролцож буй явдал юм.
2023 оноос эхлэн Монгол орныг хамарсан хэд хэдэн сэдвээр нийтийн сонсгол зохион байгуулж “сонсголын соёл” тогтох хандлага ажиглагдаж байна.
Тухайлбал, бидний хэлж дадсанаар Нүүрсний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сар, Утааны сонсгол 2025 оны хоёрдугаар сар, Халзан бүрэгтэйн сонсгол 2025 оны есдүгээр сард, Оюутолгойн сонсгол мөн өнгөрөгч арванхоёрдугаар сард тус тус зохион байгуулагдлаа.
Тэгвэл "Иргэн та хүч" ТББ-ын санаачилгаар Баянхонгор аймгийн ИТХ-аас "Утаа, агаарын бохирдлын ерөнхий хяналтын сонсгол"-ыг /2026.03.11/ зохион байгууллаа.
Хонгор нутгийн иргэдийн мэнд, аюулгүй байдлын төлөө утааг бууруулах зорилтыг тавьж энэ хүрээнд орон нутгийн бодит нөхцөл байдлаа хамтдаа тодорхойлж, цаашид авах арга хэмжээгээ хэрэгжүүлэхэд энэ сонсгол чухал үр нөлөөтэй байх юм.
Баянхонгор аймгийн 700 иргэний гарын үсгээр өндрөө авсан асуудал зөвхөн агаарын бохирдол төдийгүй, Ашигт малтмалын зөвшөөрлийн асуудлаар 9 сарын өмнө Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Дараагийн сонсгол “Инженер шугам сүлжээний газар олголтын ил тод байдал” сэдвүүдийн хүрээнд болно.
Санаачлагч "Иргэн та хүч" ТББ-ын тэргүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Өлзийбат:
Нийтийн сонсгол бол явцуу эрх ашигтай авилгалж, төрийн албыг намын алба болгосон хүмүүст ёстой аюулын харанга мөн гэдгийг Баянхонгор аймагт болсон хоёр удаагийн Ерөнхий хяналтын сонсголын турш мэдлээ, харлаа. Иргэдээ улам ихээр мэдээллээр хангаж ажиллах эрх хүчийг авлаа. Гэхдээ манай Баянхонгорын ирээдүйд итгэлтэй байна. Эгэл жирийн иргэд мэдээлэлтэй байхыг хүсэж, сонсгол бүрд олноороо ирж оролцож санал бодлоо хэлж оролцёоор. Төрд тангараг өргөсөн ажилдаа үнэнч, хууль дээдэлдэг олон зуун албан хаагчид байна. Ажлаа мэддэг, иргэддээ үнэн зөв бодит мэдээлэл, тайлбар өгөх, талбар мөн гэдгийг маш сайн мэдэж идэвхтэй оролцож байна.
Утаа, агаарын бохирдлыг ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, УИХ-ын Г.Хосбаяр, аймгийн ИТХ-ын 9 төлөөлөгч, Төрийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн, албан хаагч 42, дулаан үйлдвэрлэгч ААН-үүд, мэргэжлийн 5 холбоо, ажиглагчаар 2 ТББ, хэвлэл мэдээллийн төлөөлөл 9, ард иргэдийн төлөөлөл 30 хүн оролцсон.

2026 оны 01 сард аймгийн Засаг даргын санаачилгаар агаарын бохирдлын түвшин тогтоох, агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд тооллогын дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд холбогдох талууд мэдээлэл хийсэн бөгөөд сонсголын үр дүнг нэгтгэн гаргасны дараа аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр тогтов.
Сонсголын үр дүнд дараагийн үйлдэл болох ёстой гарц шийдлүүдийг тодорхойлж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэгддэг. Хэрэгжилт нь хангалтгүй. Хянах механизмыг албажуулах шаардлага байгааг үе үед хийсэн сонсголууд харуулж байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

