Үйл явдал6 мин унших
Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлт

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр олон нийтийг талцуулаад буй Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийг хуваалцав.
Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран тавдугаар зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон дараах дүгнэлт гаргасан байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн байна.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн байна.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчийн үйл ажиллагаа болон тус хуралдаанаас гарсан тогтоолыг нэн даруй хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр (дүгнэлт) гаргах нь зүйтэй гэж үзжээ:
Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэлэлцэж батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудал нь бүхэлдээ Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай маргаан байна. Эдгээр асуудал нь харилцан хамааралтай байх тул тусгаарлан шийдвэрлэх үндэслэлгүй юм. Тодруулбал, Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа гишүүдийн 2025 оны 10 дугаар сарын 16, 17-ны өдрийн ирцийг нэгтгэн тооцож, Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахаа удаа дараа мэдэгдэн, уг санал хураалтын дүнгээр Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолыг баталсанд тооцсон нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд эдгээртэй холбоотой шаардлага нь агуулгын хувьд нэгдмэл асуудал байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаа гишүүн уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэхдээ “нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх, ... тогтоол гаргах;” ажиллагааг хийнэ гэж заасны дагуу эдгээр маргааныг нэгтгэн шалгаж, нэг хуралдаанаар шийдвэрлэсэн нь зүйтэй байна.
Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал байх тул хуралдаанд бэлтгэх ажиллагааг нэн даруй гүйцэтгэсэн болно. Уг маргаан бүхий асуудлыг боломжит богино хугацаанд шийдвэрлэх нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гараагүй байхад шинэ Ерөнхий сайдыг томилох, эсхүл Улсын Их Хурал тарах (Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг), улмаар улс төрийн хямрал үүсэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... хуралдаанд оруулахаар маргаан үүсгэн шалгасан бүх асуудлыг анхлан шийдвэрлэх хуралдааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ... хийнэ.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн ... эсэх асуудлыг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, Улсын Их Хурлын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр хуульчилсан байна. Гэвч уг маргаан нь бүхэлдээ Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой байх тул анх ирүүлсэн хүсэлтийн шаардлагатай нэгтгэж үүсгэсэн нэг маргаан гэж үзэн Их суудлын хуралдаанаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн уг маргааныг тусгаарлаж, Дунд болон Их суудлын хуралдаанаар тус тусад нь шийдвэрлэх тохиолдолд нэг асуудлыг өөр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж, ялгаатай шийдвэр гаргах эрсдэлтэй байсныг тэмдэглэж байна.
Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” гэж Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг заасан бол Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ...” гэж түүний бүрэлдэхүүнийг тогтоосон байна. Иймд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэж эцсийн шийдвэрээ гаргана.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд түүний их суудлын хуралдаанаас Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гарсан бүх шийдвэр эцсийн байна. Тухайлбал, “... албан тушаалтны талаар гарсан Цэцийн дүгнэлт Улсын Их Хуралд хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно ...” (Цэцийн дүгнэлт, 1995, №01). Иймээс Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцээгүй тухай энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.” гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.” гэж заасан. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бусаар Үндсэн хуулийг чандлан сахиулах явцад Үндсэн хуулийн зохицуулалтын агуулга, ердийн хуулийн тодорхой заалт хоорондын зөрчил бий болох тохиолдолд Үндсэн хуулийн тухайн зохицуулалтыг буюу дээд эрэмбийн хэм хэмжээ, зарчмыг баримтална.
Үндсэн хуулийн цэц нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх цорын ганц байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа тул Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, дэгээ Үндсэн хуулийн хүрээнд өөрөө тогтоож хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Энэ нь бусад улсын үндсэн хуулийн шүүхийн хувьд ч түгээмэл туршлага юм (Венецийн комисс, 2025.06.16, CDL-AD(2025)022).












