Үйл явдал2 мин унших
Япон улсад анхны COVID-19 халдварын тохиолдлыг бүртгэсэн эмнэлэгт туршлага судлав

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл өнөөдөр /2025.10.09/ Чингэлтэй дүүргийн Нэгдсэн төвийн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар Япон улсын Канагава мужийн Сагамихара хотын эрүүл мэндийн байгууллагатай уулзаж, туршлага солилцлоо.
Төлөөлөгчдийг Сагамихара хотын дэд дарга хатагтай Асана Окава болон Яаралтай тусламжийн эмнэлгийн дарга ноён Нараму нар халуун дотноор угтан авч, хотын эрүүл мэндийн тогтолцоо, яаралтай тусламжийн үйлчилгээний зохион байгуулалтын талаар танилцуулсан юм.

Уг эмнэлэг нь Япон улсад анхны COVID-19 халдварын тохиолдлыг бүртгэсэн байгууллага гэдгээрээ онцлог бөгөөд цар тахлын үед яаралтай тусламжийн үйл ажиллагааг амжилттай удирдсан туршлагатай байгууллага юм. Эмнэлэгийн дотоод бүтэц, тоног төхөөрөмж, үйлчилгээний менежмент болон эрүүл мэндийн мэдээллийн системийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сагамихара хотын Олон нийтийн эрүүл мэндийн төвөөр зочилж, тус төвийн дарга хатагтай Мичи Мимори халуун дотноор угтан авч уулзжээ. Тэрээр Япон улсын эрүүл амьдралын хэв маяг, хооллолтын онцлог, мөн япончуудын өвчлөл, нас баралтын түгээмэл шалтгаанууд, тэр дундаа давсны хэрэглээ өндөр байх шалтгаан болон түүнийг бууруулах бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Мөн япончуудын урт наслахад нөлөөлдөг зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт зэрэг туршлагыг хуваалцсан нь төлөөлөгчдөд өндөр ач холбогдолтой байсныг Н.Батсүмбэрэл гишүүн онцлов.
Айлчлалын дараагийн үе шатанд төлөөлөгчид Сагамихара хотын нэгдсэн томоохон эмнэлэг болох Kyodo Hospital-д зочилж, тэднийг эмчилгээ эрхэлсэн дэд дарга ноён Кимүчи угтан авч уулзлаа.
Ноён Кимүчи тус эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, төрөлжсөн тасгуудын үйл ажиллагаа, орчин үеийн тоног төхөөрөмжийн ашиглалт, чанарын удирдлагын тогтолцооны талаар танилцуулж, туршлага солилцсон юм.
Япон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог танилцуулсан бөгөөд тус улсад бүх иргэд заавал эрүүл мэндийн даатгалд хамрагддаг, эмчилгээний зардлын 70 хувийг улс, харин 30 хувийг иргэн өөрийн зүгээс төлдөг зохицуулалттай байдаг талаар мэдээлэл өгсөн юм.
Энэхүү айлчлал нь Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт туршлага судлах, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.




