#Тойрог1 мин унших
"OPEN PARLAMENT-ЗҮҮН БҮС" дадлагажих хөтөлбөрийн хүрээнд оюутнууд салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

"OPEN PARLAMENT-ЗҮҮН БҮС" оюутны дадлагажих хөтөлбөрт хамрагдсан 30 оюутан Улаанбаатар хотоос 70 км орчим зайтай Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших 49.6 МВт-ын салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус салхин цахилгаан станцыг хөгжүүлэгч нь Клин Энержи ХХК бөгөөд Ньюком ХХК, АНУ-ын Женерал Электрик, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Нидерландын хөгжлийн санхүүжилтийн корпорацын хөрөнгө оруулалтаар энэ салхин цахилгаан станц байгуулагджээ.
Салхит салхин цахилгаан станц нь 110 кВ-ын 28 км урт хоёр хэлхээт дамжуулах шугам, дэд станц, тус бүр нь 1.6 МВт хүчин чадалтай 31 салхин цахилгаан үүсгүүрээс бүрдэх 49.6 МВт-ын нийлбэр хүчин чадалтай бөгөөд нийтдээ 120 сая ам.долларын хөрөнгө оруулалттай.
2013 оны зургадугаар сард ашиглалтад орсноос хойш Салхит цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч нь “Лэйтон” ХХК бөгөөд уг төсөлд дотоодын барилга угсралт, инженерийн 18 компани оролцон ажиллаж, ажлын оргил үед төслийн талбайд 500 гаруй хүн оролцсоны 94 хувь нь Монгол ажилчид байв.
Тус салхин станц жилд 170 сая кВт.ц буюу 65000 гаруй өрхийг цахилгаанаар хангах хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд нийт 1,6 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэн төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлжээ.
