Үйл явдал1 мин унших
Дэлхийд өрсөлдөх монгол залуусыг бэлтгэхэд "Эрасмус" хөтөлбөр

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2026.10.14/ Европын Холбооны "Эрасмус" хөтөлбөрийн Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн нэгдсэн уулзалтад оролцлоо.
Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчёлионитэ, Европын боловсрол, соёлын гүйцэтгэх агентлагийн /EACEA/ төлөөлөл, их сургуулиудын удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, төслийн багууд оролцож төслийн хэрэгжилтэд тулгарч буй сорилт, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийн талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт баримталж байгаа чанар, үр өгөөж, хүртээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээл болон улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн мэдлэг, ур чадвар, зөв хандлагатай хүний нөөц бэлтгэх нь чухал.
Түүнчлэн судалгаа-инноваци-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх, өгөгдөл, дижитал технологи, хиймэл оюунд суурилсан дээд боловсролын тогтолцоонд шилжих, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогод Европын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл үнэтэй хувь нэмрийг оруулж байгаа билээ.

Дээрх хөтөлбөрийн 2021–2027 оны мөчлөгийн хүрээнд Монголын их сургуулиуд Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх 11 төсөлд нийт 46 удаагийн байгууллагын оролцоотойгоор хамрагдаж байгаагаас хоёр төслийг Монголын байгууллагууд удирдан хэрэгжүүлж байна.
Мөн хөтөлбөрийн хүрээнд их сургуулиудын 128 удаагийн оролцоо бүртгэгдэж, Эрасмус Мундусын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт 30 суралцагч хамрагдан, Монгол болон Европын их сургуулиудын хооронд 450 гаруй академик солилцоо хэрэгжсэн юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
