Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: ЗГ 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө Нийслэлийн төсвийн зарцуулалтыг ил тод байлгах зорилго нэммээр байна!
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 14 минутад гишүүдийн 55.2 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал дэвшүүллээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Сайд нар нь байхгүй, холбогдох яамд, хэлтсийн мэргэжилтгүүд ирчихээр санаа зовох юм. Ажлыг нь хийлгэхгүй байнга энд мэдээлэл аваад суулгаад байх.
Хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. УИХ-ын гишүүдээс бүрдсэн Г.Тэмүүлэн гишүүний ахалсан Ажлын хэсэг үүсчихсэн. Үүнд гишүүд найдаад, асуудал цалгардах маягтай болчихов уу даа гэж хувь хүний хувьд ажиглаж байна. Чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлэх үеэр Засгийн газар өөрсдөө сайн ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дэмжээгүй санал өгсөн юм.
Тэгтэл нэгэнт ажлын хэсэг үүсээд, намынхаа зөвлөлөөс хүмүүс орчихсон өнөөдөр хуралдахаар байна. Олон саналууд гарна. Харамсалтай нь үг үсгийн алдаа засаад сууж байгаа нь гишүүдийн ажил мөн ч юмуу биш ч юмуу!
Төсөвтэй холбогдуулан тодорхой саналууд хэлэхэд 7.4.3 дээрх Аудитын шийдвэр хэрэгжилтийг сайжруулна гэдэг хэсэг маш чухал.
Аудитын тайланг хараад гишүүд асуулт асуудаг болж байна. Аудит нь тайлангаа сайжруулах ёстой, тоо баримтуудаа дахин нягталж ирэх ёстой гэдгийг хэлчихээд байхад ЗГ, УИХ-д оруулж ирэхдээ сайжруулдаггүй нь Монгол Улсад цаг хугацаа алдсан алдаа дутагдлыг бий болгодог.
Энд ерөнхий байдлаар орчихоод байна. 5 жилийн төлөвлөгөөний хувьд жил тутам нарийвчилна гэсэн байдалтай байгаа байх. Гэхдээ ийн ерөнхий байдлаар оруулчихаар баримт бичгийн ач холбогдлыг сулруулчихаад байна гэсэн зовнил байна.
Гурван гол саналаа хэлье.
Төсвийн зардлын зарцуулалтад гарч буй зөрчлүүдийг арилгах зорилго нэммээр байна. Зөвхөн Аудитын тайлангаар хязгаарлагдах бус Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланд гарсан зөрчлүүдийг анхаардаг баймааар байна,
Нийслэлийн болон орон нутгийн төсвийн зарцуулалтад хяналт тавьдаг баймаар байна,
Нийслэлийн төсвийн зарцуулалтыг ил тод байлгадаг баймаар байна. Тэнд нэг хэсэг мөнгө хараа хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдах явдал газар авчихлаа шүү. Энэ төрлийн зорилгууд ороогүй байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




