Үйл явдал3 мин унших
Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн хосгүй үнэт урлагийн бүтээлүүд Лондон хотноо дэлгэгдэнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид Монгол судлал болон шинжлэх ухаан технологийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлаар Их Британи Улсын Лондон, Кэмбриж хотноо ажиллаж, холбогдох уулзалтуудыг хийлээ.
Төлөөлөгчид 11 дүгээр сарын 18-ны өдөр Лондонгийн их сургуулийн Дорно дахин, африк судлалын сургуульд зочлон тус сургуулийн захирал Грэм Өрл, Нийгмийн ухааны сургуулийн захирал Лорена Ломбардоззи, Түүхийн тэнхимийн ахлах Профессор Ларс Лам, Оюутны холбооны тэргүүн Сэм Харди болон Номын сангийн захирал Х. Алекс нартай уулзаж өмнө нь харилцан тохиролцсоны дагуу тус сургуульд Монгол судлалын тусгай танхим байгуулах, харилцан багш болон оюутан солилцоог эхлүүлэх, тус сургуулийн цахим номын санг Монгол судлалын судлагдахуун ном товхимлоор баяжуулж, хамтарсан төсөл эхлүүлэх чиглэлээр санал солилцож, энэ асуудлын хэрэгжилтийг хангаж ажиллах хоёр талын ажлын хэсгийн төлөвлөгөө болон цахим уулзалтын товыг тохиролцлоо.

Мөн УИХ-ын гишүүн Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид 2027 оны 2 дугаар сард Британийн Эзэн Хааны Урлагийн академид нээлтээ хийх “Art of the Mongol World – Монгол ертөнцийн урлаг” үзэсгэлэнгийн дэглэлт, сурталчилгаа, зохион байгуулалтын асуудлаар Эзэн Хааны Урлагийн академид Гүйцэтгэх захирал Саймон Валлис, Үйл ажиллагааны хөгжлийн асуудал хариуцсан Дэд захирал Майкл Элдрэд нартай уулзалт хийлээ.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Британийн Эзэн Хааны Урлагийн академи хамтран Британи төдийгүй бусад олон улсын музей, номын сан, хувийн цуглуулгад хадгалагдаж буй Чингис хаан, Монголын эзэнт гүрний нөлөөллөөр бий болсон хосгүй үнэт урлагийн бүтээл, өвүүдийг нэг дор цуглуулан Лондон хотноо 5 сарын хугацаанд дэлгэн үзүүлэх энэхүү үзэсгэлэн нь хоёр улсын өргөн хүрээний хамтын ажиллагааны томоохон төсөл юм.
Түүнчлэн, төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Кэмбрижийн сургуулийн Нийгмийн антропологийн тэнхим, Монгол ба Өвөр Ази судлалын төв (MIASU)-д ажиллаж Монгол Улсын Засгийн газар, Кэмбрижийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Чингис хаан, Монголын эзэнт гүрэн судлалын судлаачдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцаж, хөтөлбөрт хамрагдаж буй Монголын 3 судлаачийн судалгаа, бүтээл болон 2026 онд зохион байгуулах “Монгол-Кэмбрижийн форум”-ын 3 дахь удаагийн олон улсын хурлын сэдэв, оролцогчдын талаар санал солилцлоо.
Монгол судлалын “Монгол-Кэмбриж”-ийн анхдугаар форумыг Монгол Улсын Элчин сайдын яамны санаачилгаар 2022 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2024 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо хоёрдугаар форумыг тус тус зохион байгуулсан юм.
Үүнээс гадна тус сургуулийн номын санг Монгол судлагдахуун, материалаар баяжуулах, Монголын их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх боломжтой тус сургуулийн ном товхимлын зохиогчийн эрхийг авах, МӨАСТ болон Монголын Үндэсний Шинжлэх ухаан, технологийн сан хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн энэ өдөр Кэмбрижийн их сургуулийн Кавендишийн лаборатори (Cavendish Laboratory)-ийн үйл ажиллагаатай танилцаж Монголын холбогдох шинжлэх ухаан, технологийн байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж, туршлага судлах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар уулзалт хийж, санал солилцов.





Эх сурвалж:
Гадаад харилцааны яам
