2 мин унших

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдлоо

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдлоо

Парис хотноо болсон Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдлоо.

Нээлттэй суудлын төлөөх энэхүү санал хураалтаар Монгол Улс нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарсан нь манай улсын олон улсын нэр хүнд, нэгдсэн зохион байгуулалттай хийгдсэн нөлөөллийн ажил, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн болсон түүхэн амжилт болж буйг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолж байна.

Тодруулбал, Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшиж, анх удаа гишүүнээр сонгогдлоо.

Манай улс энэхүү сонгуульд бэлтгэх хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр конвенцын гишүүн орнуудтай хоёр талт уулзалт хийж, дэмжлэг хүсэн идэвхтэй ажилласан юм.

ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалт Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24–25-нд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр болсон конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблейн сонгуулиар Дэлхийн өвийн хорооны 5 суудлын төлөө нийт 15 улс өрсөлдсөнөөс Монгол Улс 97 улсын саналаар дэмжигдэн сонгогдлоо.

Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний шатанд бүс нутгийн бүлэг тус бүрт оногдсон суудлын төлөө санал хураалт явагдаж, I бүлгээс Швейцарь, II бүлгээс Азербайжан, II бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, V бүлгээс Кувейт улсууд сонгогдсон байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын дагуу байгуулагдсан Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах, бүртгэлтэй өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах, санхүүжилт хуваарилах, конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг чухал үүргийг хэрэгжүүлдэг, 21 гишүүн улсаас бүрдсэн олон улсын нэр хүндтэй бүтцийн нэг юм.

Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдлоо

Манай улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна манай улсад хамааралтай асуудлуудад байр сууриа бүрэн эрхтэйгээр илэрхийлэх, зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна. 

Түүнчлэн энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

ЮНЕСКОХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009