Онцлох мэдээ2 мин унших

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.11.27/-ны өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хуулийн төслийг танилцууллаа.

Монгол Улсын засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.9-д “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасан байгааг тэрбээр төсөл санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд дурдав. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Засгийн газар болон нийлүүлэгч компаниудаас тус улсын дотоодын зах зээлийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор гаргасан экспортын хязгаарлалт, үйлдвэрлэлийн процесс, ээлжит засвар, төлөвлөгөөт ажлаас шалтгаалсан нийлүүлэлтийн хэмжээний бууруулалт зэрэг арга хэмжээнүүд нь манай улсын шатахууны хангамжийн тогтвортой байдалд шууд нөлөөлж, тасалдал, хомсдол үүсгэн, эрэлтийг нэмэгдүүлж, үнийн хэлбэлзлийг үүсгэдэг болохыг мөн дурдсан. Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэж, жилд 21 хувиар өссөн бол 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар импортын хэмжээ 2.3 сая тоннд хүрээд байгаа аж.

Ард иргэдийн өргөн хэрэглээний АИ92 авто бензиний хэрэглээ 2024 оны байдлаар сард дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 оны байдлаар сард дунджаар 80 мянган тонн хүрч өсөөд байгаа боловч ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.доллароор 1 тонн тутмыг тогтмол үнээр импортолж байгаа гэлээ. АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 мянган тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байгааг Г.Дамдинням сайд төслийн танилцуулгынхаа үеэр мэдээлэв. Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 мянган тоннд хүрч байгаа аж. Иймд хэрэглээнд дутагдаж буй 20 мянган тонн орчим АИ92 авто бензин, 25 мянган тонн орчим дизель түлшийг хэрэглээг бусад эх үүсвэр буюу БНХАУ-аас худалдан авч хангах шаардлагатай болжээ.

Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад улсын хэмжээнд багадаа 30-аас доошгүй хоногийн тогтмол нөөцтэй байх, нөөцийг бүрдүүлэх хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх хүрээнд импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, шуурхай шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай болох хэрэгцээтэй байгааг танилцууллаа. УИХ-ын гишүүн С. Цэнгүүн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009