Байр суурь2 мин унших

Б.Жаргалан: Шатахууны сав барих нь гал унтрааж байгаа л шийдэл

УИХ-ын чуулганы /2025.11.27/-ны өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

ЗГ хариуцлагаас зугтах гэдэг юм уу гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийн хүрээнд нээлттэй шийдвэр гаргаад явах боломжтой зүйлс дээр заавал УИХ-аар хууль батлуулаад, дараа нь УИХ-ын баталсан хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулсан гэдэг. Гэм зэмээ залруулах гээд байдаг юм уу, нэг ийм сонин жишиг тогтчихжээ. Энэ стратегийн ач холбогдол бүхий цөөхөн хэдэн заалттай. Шатахуун импортлогч хэдэн компаниудад л Монгол банкнаас зээл олгох гээд байх шиг байгаа юм. Монгол банкны, төв банкны хараат бус байдалд халдаад Төв банкны хуулийн тодорхой заалтуудыг хамаарахгүй гэсэн агуулгатай зүйл оруулж ирээд байгаа юм.

Гүйцэтгэх засаглал гүйцэтгэж болох асуудал байвал түүгээрээ шийдээч ээ! Гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдлийн хүрээнд аливаа асуудалд хандаач ээ гэж  хэлмээр байна! Учир нь УИХ-аар хууль баталчихдаг. Дараа нь шатахууны савны хулгай гээд л яригдах юм бол УИХ руу заах гээд байгаа юм уу? Энэ бол эрх ашгийн зөрчил үнэртсэн л хууль орж ирж  байгаа юм.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд гуч гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа шатахууны савнуудаа барьчихдаггүй юм уу? Нийт хэдэн төгрөгийн асуудал яригдаад байгаа юм бэ? Хэчнээн төгрөгийн зээл олгох гээд байгаа талаар тодорхой мөнгөн дүнгийн хариулт авъя аа.

Мөн бид ийм асуудалд урт хугацааны байдлаар огт хандахгүй байна. Үргэлж тулгасан, асуудалд гал унтраах байдлаар ханддаг. Уул уурхайн салбарын олборлолт нэмэгдээд байгаа учраас дизель түлшний эрэлт ихсэж байна гэлээ. Бидний урт хугацааны бодлого юу вэ гэхээр уул уурхайн салбарт, ХАА-н салбарт тоног төхөөрөмжүүдээ цахилгаанжуулах ажлыг хиймээр байгаа байхгүй юу. Цахилгаан машинууд авч ажиллуулмаар байгаа юм. Үүний тулд эрчим хүчнийхээ салбарыг хөгжүүлэх, цахилгаан станцуудаа барина гэх маягаар импортын түлшнээс хараат бус байдлаа шийдэхгүй бол богино хугацаанд гал унтраах маягтай асуудалд хандаад байвал цаашлаад шатахууны савуудыг чинь дараа нь яах юм гэх мэтчилэн олон асуултууд урган гарна.

1 сарын өмнө шатахуун тасалдлаа барилаа гэсэн. Тэр үед Г.Дамдинням сайд тийм зүйлгүй гэж мэдээлэл өгсөн. Яг үнэндээ ийм хууль оруулж ирэх гээд хомсдол үүсгээд байдаг юм уу, хардах нөхцөл байдлууд бий болж байна шүү дээ. Цаашдаа шатахууны хомсдол ямар байхыг хэлж өгөөч. Үнийн хувьд асуудал үүсэхгүй байгаа. Дэлхийн зах зээл дээр баррель нефт бол 60 орчим долларын л үнэтэй байгаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

ШатахуунХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2020
  3. 2019
  4. 2018