Байр суурь3 мин унших
Х.Тэмүүжин: Н.Учралаа, парламентын амин сүнсийг спикер нь авч явдаг тул төвч, намын улс төрөөс ангид байх үүрэгт ажлаа хийгээрэй
УИХ-ын чуулганы /2025.11.28/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Парламентат ёс, парламентын засаглалын чиглэлээр судалгаа хийж мэргэшсэн Монгол Улсад байдаг цөөхөн хүмүүсийн нэг нь Л.Өлзийсайхан л даа. Д.Лүндээжанцан гишүүний парламентын тухай, УИХ-ын тухай маш сайн бүтээлүүд байдаг. Түүнтэй эн зэрэгцэхүйц Л.Өлзийсайханы онолын бүтээл бий. Парламентыг өмгөөлнө, парламентич байна гэдэг нь УИХ-д олон сонгогдохоосоо илүүтэйгээр парламентын бүрэн эрхийн хил хязгаарыг манаж чаддаг, парламентын дархлаа нь сэтгэл санаа нь бас ингээд цочирдож зовдог, хууль тогтоох эрх мэдлийг хуй парламентаас гадуур хэн нэгэн дураараа тэр дундаа огт сонгогддоггүй, ардчиллын эх үүсвэртэй ямар ч хамааралгүй албан тушаалтнууд эдлээд байхаас сэрэмжилж босож ирдэг тийм мэдрэмж сэтгэхүйтэй хүмүүсийн хийдэг ажил.
Ардын намын 3 хурлын дунд хамгийн том хохирсон институц бол УИХ байлаа. УИХ-ын бүрэн эрхийг хэдэн тийш нь салгаж шидээд, Үндсэн хуульд байгаа ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр хуралдаж шийдвэр гаргадаг эрхийг нь хүртэл ҮХЦ тийм эрх байхгүй шүү гээд алх цохиод гаргахад тэр тухай сэрхийж бодох хүн 126 дотор их цөөхөн байлаа.
ЗГ нь УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулахгүй гэж бойкот хийх нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг шүү дээ. Уул нь ийм үйлдлийг энэ юу болж байна аа гэж бодох задгай тархитай хүн байсангүй. Бүгд л айсан барьцаалагдсан шинжтэй байлаа. Парламент Монгол Улсад байгаа юм уу, байхгүй юм уу гэдэг дээрээ тултал эрх хэмжээний зөрчил гарлаа. ЕНБД-аа солих гэж байгаа юм байна. УИХ-ын даргыг томилогдоход АН-ын бүлэг нэг үг хэлсэн.
Парламентын дархлаа, амин сүнсийг парламентын спикер авч явдаг юм аа. Дэлхий нийтээр парламентын спикер дээр хоёрхон зарчим барьж байна. Төв ч байна шүү. Яагаад гэвэл энэ парламент гэдэг чинь олон намын төлөөлөл олон ургалч үзлийн илэрхийлэл. Хоорондоо маргаж мэтгэлцэнэ. Байр сууриа хамгаалахын тулд хатуу зогсох цаг гарна.
Улс орны нийтлэг ашиг сонирхлын төлөө ойлголцож, шийдвэрийн ард хүчтэй нэгдэж шийдэл гарна. Ийм байхын тулд парламентын толгой дээр хүчтэй лидер гэхээсээ илүүтэйгээр төв ч байр суурьтай, 2-т нь намын улс төрөөс ангид байж чадах бие даасан хүн байдаг юм байна. Энэ ажлаа хийгээрэй гэж хүссэн. Л.Өлзийсайханыг дэмжиж байна. Хувь хүнийхээ хувьд мэдэж байна.
Парламентыг мэргэшсэн хууль тогтоогчийн түвшинд ажиллуулахад судалсан судалгаа, ажилласан ажлынхаа туршлагаар дэм тус болох байх. Парламентын спикерт хэлэх үг байна. Таны индэр дээрээс хэлсэн төвч байр сууринаас хандах тухай, улс төрийн намын дотоод болон намын улс төрөөс ангид энэ парламентат ёсны төлөө зогсох тухай гал цогтой үг чинь бүдгэрээгүй байх шиг байна. Энэ үгийн дараа, санал хураалтын дараа АН-ын бүлгийн дэд даргын хувьд үг авна шүү.
Парламент 7, 14 хоногоор ажлаа төлөвлөдгөөрөө Засгийн газрын кабинетын зарчмаас ялгаатай. Өнөөдрийн энэ асуудлыг хэлэлцэхийн манай намын бүлгийн дарга мэдээгүй, гадагшаа томилолтоор явчихсан. Намын бүлэг Даваа гарагт хуралдаж өнөөдрийн энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай тул 2 өдрийн завсарлага авъя.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
