Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Ган зудыг даван туулах асуудал нь газрын менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, ЭЗ-ийн эргэлтэд оруулж ирэх вэ гэдгээс шалтгаална
УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Бид хамгийн ойрын зуднаар 8 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий мал сүргээ алдсан.Энэ нь эдийн засаг болон өрхийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг бид мэднэ. Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүйхиймээр байна. Баруун 5 аймгийн тодорхой боомтуудаар өвс, тэжээл, гурил, хорголжин тэжээлүүдийг оруулж ирэх бололцоо бүрдэж байх шиг байна. Тэгэхээр ажлын хэсгээс ААНБ, иргэддээ энэ мэдээллийг өгөх хэрэгтэй. ААН байгууллагууддаа УИХ гаргаж өгч байгааг тодорхой тайлбарлаж, хэрэгжих хугацаа, анхаарах ямар зүйлс гээд салбар хариуцсан сайд тодорхой мэдээллийг олон нийтэд өгөөч ээ гэж хүсмээр байна.
Хоёрдугаарт, уг асуудалтай холбоотой нэг зүйл бий. ЗГ газрын харилцаатай холбоотой хууль тогтоомжуудыг боловсронгуй болгооч ээ. Газрын төлөвлөлтийг маш сайн хиймээр байна. Өнөөдөр газрын харилцаа бараг 7, 8 яаманд байгаа байхгүй юу. Ерөнхий сайдын дэргэд ерөнхийдөө байна. Уул уурхай, Барилга, Зам тээвэр тэгээд ХХААХҮЯ-нд байна. Мөн ХЗДХЯ дээр орж ирнэ ээ. ХЗДХЯ-нд газрын эрхийн бүртгэлд бүртгэхээсээ гадна Хил хамгаалах ерөнхий газрын зурвас газар дээр хадлан тэжээл хийлгэнэ хийлгэхгүй тухай, БОАЖЯ тусгай хамгаалалттай газар гээд яригддаг.
Тэгэхээр газрын харилцааг зөв эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглахын тулд нэгдсэн бодлого зохицуулалтын хууль тогтоомжуудаа эргэж хараад ган зудын үед газрыг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг зүйлийг тодорхой болгочихмоор байна.
Ган зудыг даван туулах асуудал чинь газрын менежментийг хэрхэн явуулах вэ, газраа яаж нөхөн сэргээж, зөв эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээс их шалтгаална. Тэгэхээр 1 удаагийн өвс тэжээлийг оруулж ирэх гэхээсээ илүүтэйгээр аль бүс нутгуудад МАА-н онцлогт нь таарсан газар тариалан, ХАА-н бодлогыг хэрэгжүүлэх вэ гэдэг л зүйл. Газрын харилцаа сайд нарын дунд ингээд ойлгомжгүй болчхоод байна аа.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хариуллаа.
УИХ-ын 1999 оны тогтоолд заасны дагуу ЗГ-т тодорхой эрх өгөх ийм зохицуулалт байгаа. Тухайн боомтыг зааж болно. Мөн татварыг тэг хүртэл тогтоох ийм эрхийг түр хугацаанд ЗГ-т өгч байгаа зохицуулалт юм. Тэгэхээр ААН, иргэдийн хувьд анхаарах зүйл нь баруун бүсийн 5 боомтоор гурилыг импортоор оруулж ирэх, мөн малын тэжээлийг импортоор оруулж ирэхэд ЗГ-аас тогтоосон хэмжээгээр хөнгөлөлт чөлөөтэй эдэлнэ ээ гэсэн үг. Манай яамны зүгээс хэрэв энэ тогтоол өнөөдөр батлагдсан тохиолдолд аль болох хурдан хугацаанд ЗГ-т тогтоолын төсөл танилцуулна. Ингээд ЗГ-аас шийдвэр гарна. Эрх авсан тохиолдолд ЗГ-т бидний өгөх санал бол тэжээлийн байгаа 5%-ийг тэг хувиар, гурилын импортын 15%-ийн татварыг тэглэнэ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
