УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Нэгдүгээрт, Тус хуулийг нэлээн сайн судалж оруулж ирж байгаа хэмээн харж байгаа. Тэгээд урьд өмнө байгуулагдсан олон гэрээнүүдийн алдаа, оноо яг одоо шүүгдэж байгаа. Алдааг давтахгүй байх нарийн судалгаанууд хийсэн болов уу. Тэр утгаараа дэмжиж байгаа.
Малчид ноолуур махнаас бусдыг нь хаяж байгаа. Тэгвэл энэ маань эдийн засгийн эргэлтэд орох нь гэдэг том хүлээлт малчдад гарч ирж байна. Евро Азийн хэлэлцээрт орсноор бидэнд давуу талууд гарч ирэх юм байна. Ялангуяа инфляц буурах юм байна. Та бүхэн үүнийг хэрхэн, яаж тооцов?
Ер нь жилийн инфляцыг тооцохдоо хэрэглээний сагсны 400 орчим бараа бүтээгдэхүүний үнийг үнийн өсөлтөөс инфляцыг гаргаж ирдэг. Хэрэв инфляц өндөр байвал Монгол банкны бодлогын хүү өндөр болоод л тэрийгээ дагаад арилжааны банкны хүү өндөр болох гэх мэт сөрөг үр дагаврууд гардаг.
Монгол Улсын инфляцаа тодорхойлдог 400 гаруй бараа бүтээгдэхүүн байдаг. Тэд нартай хэр давхцаж байгаа вэ? Инфляцад ямар нөлөө үзүүлнэ гэж та бүхэн тооцож байна? Инфляцаа бид барьж чадвал 10%-ийн цалингийн нэмэгдэл гэх мэт нь иргэндээ нэмэгдэл гэдэг жинхэнэ утгаараа үлдэх юм.
Инфляцын эсрэг их том арга хэмжээ авах гээд байна уу хэмээн харж байгаа. Учир нь Сэлэнгийнхэн хойшоо гараад хямдхан бараа бүтээгдэхүүн аваад ороод ирдэг гэх мэтээр ярьдаг. Манай Хэнтийнхэн ч Оросоос юм зөөдөг. Хилийн хойно 4500 төгрөг байгаа наран цэцгийн тос өнөөдөр Улаанбаатарт 13 мянгаар зарагдаж байна гэх мэт. Тэгэхээр миний бодлоор үнэ дээр нэлээн өөрчлөлт гарна гэж харж байгаа. Үүн дээр ямар тооцоолол хийв?
Хоёрдугаарт, тамхины асуудал дээр анхаарах ёстой. Тамхины хууль Евро Азийн хэлэлцээр агуулгын хувьд мөргөлдөж байгаа. Тиймээс та бүхэн онцгой албан татварынхаа асуудал дээр Их хурлын тогтоол дагалдаад ороод ирвэл хэзээ оруулж ирэх вэ?
