Ярилцлага11 мин унших

Х.Ганхуяг: Бензин шатахуун, эрчим хүчний хангалтын асуудлаар тасалдал үүсэхээргүй ажиллана гэдгээ Оросын тал мэдэгдсэн

Х.Ганхуяг: Бензин шатахуун, эрчим хүчний хангалтын асуудлаар тасалдал үүсэхээргүй ажиллана гэдгээ Оросын тал мэдэгдсэн

УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шадар сайдаар томилогдоод удаагүй байна. Ямартаа ч үүрэг, хариуцлага өндөр энэхүү албан тушаалд томилогдоод нэн тэргүүнд ямар бодлогын арга хэмжээ авч ажиллахаар байгаа вэ?

-Шадар сайдаар томилогдоод 30 хонож байна. Шадар сайдын чиг үүргийг Засгийн газрын тухай хуульд тодорхой заасан байдаг. Үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ цаг үеийн шинжтэй, салбар хоорондын олон асуудалд уялдаа холбоог нь сайжруулж шуурхай шийдвэр гаргах шаардлагатай олон ажлууд бий. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, хойшлуулшгүй сэргээн босголттой холбоотой шуурхай асуудлууд, бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүс болон эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хөгжил, эдийн засгийн тусгай бүсийн бодлого, стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээний итгэмжлэл, лабораторийн нэгдсэн бодлого, төлөвлөлт зэрэг өргөн цар хүрээтэй асуудлууд багтдаг. Мөн Үндэсний хороо, Засгийн газар хоорондын комиссуудын үйл ажиллагааг удирдах, уялдуулах чиг үүрэг хамаарна.

-Эрхэлж байгаа чиг үүрэгтэй холбоотой анхаарал хандуулж, нэн тэргүүнд шинэчлэн сайжруулах ямар салбар байна вэ?

-Тухайлбал, хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн үйл ажиллагаанд эрс шинэчлэлт хийж, олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай үүссэн. Уг лавлагаа лаборатори нь монгол хүний хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, хэрэглэж болох болохгүй хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг тодорхойлох чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол зөвхөн өнөөдөр биш, ирээдүй хойч үе, монгол хүний удмын санд эрсдэл дагуулж болох зүйл тул үүнд онцгойлон анхаарч ажиллаж байна. Маш товчоор хэлэхэд, миний бие шадар сайдаар ажиллахдаа хүнсний аюулгүй байдалд хамгийн өндөр, хатуу шаардлага тавина. Монгол хүн хэрэглэж байгаа хүнснээсээ болж эрсдэлд орж болохгүй шүү дээ. Дараагийн нэг анхаарах салбар бол Онцгой байдал. Гамшиг ослын үед авах хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт сурталчилгааны ажлыг цогц байдлаар төлөвлөн улсын хэмжээнд системтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ганц жишээ дурдахад, галын дуудлага өгснөөс хойш таван минутад очих ёстой гэдэг стандарт байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар дуудлага өгснөөс хойш өдрийн цагт 10-15 минутад очиж байна. Өдрийн цагаар бол түгжрэл харьцангуй бага. Тиймээс энэ хугацааг таван минутад аваачихын тулд аврах, гал унтраах анги салбар нэгжүүд шинээр байгуулах шаардлагатай байгаа. Одоогоор 37 цэг дээр аврах гал унтраах анги салбар нэгж байгуулах хэрэгтэй гэж үзсэн. Баянгол дүүрэгт тун удахгүй нэг шинэ анги нээхээр төлөвлөн ажиллаж байна.

-Онцгойд анги шинээр нээхээс гадна технологийн шинэчлэл мэдээж чухал байх, тийм үү?

-Мэдээж хэрэг. Энэ утгаараа онцгой байдлын салбарт технологийн дэвшилд суурилсан шинэчлэл хийнэ.

Улаанбаатар хотын өндөржилттэй хэсгүүд дээр нягтрал маш сайн камерууд тавих хэрэгтэй. Үүнийг нэгдсэн удирдлага хяналтын системд оруулснаар заавал гал ус, гамшиг ослын дуудлага хүлээх биш, камерт илэрсэн даруйд алба хаагчид шуурхай гардаг байх зохицуулалт хийх юм. Мөн гамшигтай нүүр тулж ажилладаг аврагчдын цалин хангамж, хувцас хэрэгсэл, багаж техникийн чанар, хүрэлцээг улам сайжруулахад шаардагдах мөнгийг 2026 оны улсын төсөвт тусгуулахаас гадна дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биш, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилт татаж үе шаттай шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна.

-Таны хувьд Ерөнхий сайд Г.Занданшатар болон бусад сайд нарын хамтаар ОХУ руу явсан. Энэхүү албан томилолтын хүрээнд яригдсан гол асуудал юу байна вэ?

-Шадар сайдын ажлын нэг үндсэн чиглэл нь салбаруудын бодлогын уялдааг хангах, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулж эрчимжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд гадаад таатай хүчин зүйлүүдийг зохистой байдлаар ашиглахад чиглэдэг. Энэ утгаараа Монгол Улс, ОХУ-ын ЗГХК-ын өмнөх хуралдаанаар яригдсан асуудлуудын хэрэгжилтийг дүгнэх, ойрын үед авч хэрэгжүүлэх ажлуудыг ирэх долоо хоногт Улаанбаатар хотноо өргөн хүрээнд ярилцахаар бэлтгэж байна. ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг мөн зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг эхлээд байна.

-Шатахууны асуудлыг мөн хойд хөрштэйгөө ярилцсан байх. Яг одоогийн байдлаар нийслэлд гэхээс илүү орон нутагт шатахууны асуудал хүнд байна гэж иргэд хэлж байна?

-Бензин шатахуун, эрчим хүчний хангалтын асуудлыг мэдээжийн хэрэг Оросын талтай ярилцсан. Оросын тал манай хүсэлтүүдийг нааштай хүлээн авч ямар нэг тасалдал үүсэхээргүй ажиллана гэдгээ мэдэгдсэн. Манай тал бензин шатахууны хангалттай нөөц бүрдүүлэх, агуулах савтай болох, эрэлт хэрэгцээгээ бодитой тооцож, захиалгаа хангалттай хугацааны өмнө нэгдсэн байдлаар хүргүүлж байх шаардлагатай байна. Тийм учир 200 мянган тонн багтаамжтай шатахууны нөөцийн сав барих ажлыг шуурхайлахад анхаарч байна. Түлш шатахуунтай холбоотой дотоодод үүссэн асуудалд УОК шуурхай арга хэмжээнүүд авч байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн 47 суманд шатахуун дизель түлш тасалдсан асуудал үүссэн. Дээрх 47 суманд улсын нөөцөөс хангалтыг нь шуурхай хийснээр аймгуудын шатахуун тослох материалын хангалт хэвийн болоод байна.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа. Шадар сайдын хувьд уг асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улс хоёрхон оронтой хиллэдэг. Тэрхүү хоёр орон нь дэлхийд эдийн засаг, үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч том улс. Энэ утгаараа манай улсын хувьд хоёр хөршөөсөө гадна өөр бусад орнууд руу зах зээл нээх бас чухал л даа. Тиймээс Монгол Улсын хувьд одооноос стандарт дээрээ онцгой анхаарах нь чухал гэж үздэг. Ингэж байж хоёр тэрбум ам.долларын импортын алдагдлыг багасгах шаардлагатай. Манай улсын хувьд импортын алдагдал хоёр тэрбум ам.доллар. Харин экспорт 50 сая ам.доллар л байна шүү дээ. Сая УИХ-аар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг баталснаар олон улсад чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд түгээмэл ашигладаг “Ерөнхий тэнцвэрийн загвар” -ын тооцооллын дагуу хэлэлцээр хэрэгжсэнээр манай улсын ДНБ 0.02 хувь, хөрөнгө оруулалт 2.57 хувь, ЕАЭЗХ руу хийх экспорт 24.1 хувь өсөх боломжтой байна. Монгол Улс хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд руу 367 нэр, төрлийн бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох ач холбогдолтой гэж ойлгож байгаа.

-Та саяхан баруун аймгуудаар явж, өвөлжилт, зудын эрсдэл ямар түвшинд байгаа талаар танилцаад ирсэн. Ер нь энэ өвөл аль бүс нутгаар зудын эрсдэл өндөр байх төлөвтэй байна вэ?

-Ажлаа хүлээн авмагцаа зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их болон их эрсдэлтэй үнэлэгдсэн Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн зарим сумдад 2025 оны арваннэгдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, тулгамдсан зарим асуудлыг Улсын онцгой комисс, Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Өнгөрсөн зуны хувьд Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн зуншлагатай жил байсан. Гол нь газар тариалангийн бүс нутаг, баруун аймгууд гантай байсан. Энэ жил буюу 2025-2026 онд улсын хэмжээнд 211.6 мянган малчин өрхийн 60.9 сая толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа гарсан байна. Үүнээс нийт мал сүргийн 22.2 хувь нь баруун аймгуудад өвөлжиж хаваржина. Улсын хэмжээнд отроор 16.6 мянган малчин өрхийн 5.724 мянган толгой мал өвөлжихөөр байна. Нийт отроор өвөлжих малын 0.6 сая толгой нь өөр аймгийн нутагт, 1.2 сая толгой нь өөрийн аймгийн бусад сумдад, 0.1 сая толгой нь сум дундын отрын бүсэд, 0.5 сая толгой нь аймаг дундын отрын бүс нутагт, 1.0 сая нь хилийн зурвас нутагт, 2.0 сая толгой нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт тус тус өвөлжих хүсэлт гаргасанд зохицуулалт хийн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт УОК-ын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Өвөлжилт хүндэрсэн үед нь арга хэмжээ авах гээд суух биш, урьдчилаад бэлтгэл байдлаа сайтар хангах чиглэл өгөөд байна.

-2026 оны улсын төсөв таналт, шилжилт ихтэй батлагдлаа. Энэ утгаараа танай салбарын эрхлэх асуудлын хүрээнд төсөв нь танагдсан, тэр дундаа онцгой байдлын салбараас танагдсан төсөв бий юу. Ер нь Шадар сайдын багцанд хэчнээн хэмжээний төсөв тусгагдсан бэ?

-2026 оны улсын төсвийг улс төрийн төвөгтэй, нийгмийн хүлээлт өндөр байсан нөхцөлд баталлаа. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг дотоод эх үүсвэрээс шийдвэрлэсэн учраас бүх салбарт тодорхой хэмжээнд хэмнэлтийн зохицуулалт хийх шаардлага тулгарсан нь үнэн. Гэхдээ Төсвийн байнгын хорооны даргаар ажиллахдаа онцгой байдлын салбарын төсвийг таналгүй батлуулсан. Шадар сайдын багц бол Монгол Улсын тогтвортой байдлын үндсэн тулгуур салбаруудыг хамардаг. Онцгой байдал, гамшгийн менежмент, хүнсний аюулгүй байдал, стандарт, хэмжил зүй гээд иргэн бүрийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг чиглэлүүд энд ордог. 2026 онд энэ багц 1.26 их наяд төгрөгөөр төсөвлөгдсөн. Үүнээс Онцгой байдлын байгууллагад 412 тэрбум, улсын нөөцөд 178 тэрбум, стандарт хэмжил зүйд 96 тэрбум, хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид 22 тэрбум төгрөг тусгагдсан. Онцгой байдлын санхүүжилтийг танах боломжгүй гэдгийг нөхцөл байдал өөрөө тод харуулж байна. Зудын эрсдэл 21 аймгийн 148 суманд өндөр үнэлэгдэж, аврах ажиллагааны тоо 22 мянгаас 31 мянга болж өссөн, гал түймрийн дуудлага 37 хувиар нэмэгдсэн. Энэ үед төсвөө танана гэдэг бол иргэдийн амь нас, эд хөрөнгөнд учрах эрсдэлийг нэмэгдүүлэх шийдвэр болно. Тиймээс бид үндсэн энэ салбарын төсвийг хэвээр нь үлдээсэн. Ер нь төсвийн бодлого бол ганц зорилготой. Юуг хамгаалах вэ, юуг шинэчлэх вэ, юуг илүү үр ашигтай болгох вэ гэдгийг зөв тодорхойлох явдал. Улсын аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хүнсний хангамжийн баталгааг буй болгох нь бидний хамгийн том хариуцлага хэвээр байна.

-Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд чөлөөт бүсүүд багтдаг. Монгол Улс чөлөөт бүсийн бодлогоо шинэ шатанд гаргах шаардлага бий гэж та үздэг үү. Өнөөдөр чөлөөт бүсүүд манай улсын эдийн засагт хэр бодит нөлөө үзүүлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд тэргүүлэх чиглэл, онцлог, нөөц, байршлын давуу талд тулгуурлан одоо байгаа татварын хөнгөлөлт бүхий чөлөөт бүсүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Замын-Үүд чөлөөт бүсэд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулна. Алтанбулаг чөлөөт бүсэд хуурай боомт байгуулна. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд зорчигч, ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв, олон улсын санхүүгийн төвийг байгуулна. Цагаан нуур чөлөөт бүсэд тээвэр логистикийн төв, аялал жуулчлал, үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр бүсүүд нь Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал байршил байхаас гадна бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, үндэсний эдийн засгийг төрөлжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Юуны түрүүнд чөлөөт бүсийн үйл ажиллагаа удаашралтай байгааг суурь шалтгааныг тодорхойлох ажлууд явагдаж байна. Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулна. Хяналтын багийг ажиллуулж мониторинг хийлгэж, үнэлэлт дүгнэлт гаргуулна. Цаашид чөлөөт бүсийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, эрх зүйн орчны шинэчлэл хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

-Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд ирэх онд томоохон ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль анх 2003 онд батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш 22 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд тус хуульд нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг үе шаттай сайжруулах зорилгоор шинэчлэлүүд хийгдэж ирсэн юм. Ирэх онд УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бүс болон орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг тодорхой болгох, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримталж байна. Үүний хүрээнд бүс нутгийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зохицуулалт, дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хархорум хотыг сэргээн байгуулах ажлын хүрээнд, Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалтай уялдуулан чөлөөт бүс байгуулах боломжийн талаар тооцоо-судалгаа хийж байна. Үүнтэй холбоотойгоор Чөлөөт бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах чиглэлээр цогц төлөвлөлт боловсруулан ажиллаж байна.

-Таны эрхлэх асуудлын хүрээнд Үндэсний стандарт, хэмжил зүйн тогтолцоо багтдаг. Энэ салбарт иргэн, аж ахуйн нэгжид бодит үр өгөөжтэй ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Стандарт, хэмжил зүйн бодлого нь иргэн, аж ахуйн нэгжийн өдөр тутмын амьдрал, бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг суурь тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, стандарт бол бичиг цаасан дээрх хийсвэр шаардлага бус иргэн худалдан авч буй хүнс нь аюулгүй эсэх, барьж буй орон сууц нь чанартай эсэх, хэрэглэж буй тоолуур нь үнэн зөв хэмжиж байгаа эсэх, бизнес эрхлэгч шударга нөхцөлд өрсөлдөж чадаж байна уу гэдгийг баталгаажуулдаг бодит хэрэгсэл юм. Иймээс энэ салбарт шийдэлд суурилсан реформ хэрэгжүүлж, стандарт, хэмжил зүйг төрийн дотоод зохицуулалтаар бус иргэн өөрөө ойлгож ашигладаг, бизнес бодитоор үр өгөөжийг нь хүртдэг ил тод, үйлчилгээ төвтэй тогтолцоо руу шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүний хүрээнд стандартын хэрэгжилтийг цахимжуулж, хэмжил зүйн баталгаажуулалт, хяналтын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, лаборатори, итгэмжлэлийн тогтолцоог олон улсын шаардлагад бүрэн нийцүүлэх, аж ахуйн нэгжид давхардсан шалгалт, хугацаа, зардлыг бууруулах бодит өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэж, бизнесийн өрсөлдөх чадвар сайжирч, Монгол Улсын бүтээгдэхүүн, үйлчилгээ олон улсын зах зээлд саадгүй хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэнэ.

-Цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн дунд хэмжих хэрэгслийн талаар нэлээн маргаантай ойлголтууд бий. Энэ талаар нэгдсэн бодлого байгаа юу?

-Хэмжил зүйн тухай хуулийн хүрээнд Хэмжил зүйн төв байгууллага нь Хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалт, хэмжил зүйн хяналт шалгалт, хэмжил зүйн үйл ажиллагааны үнэлгээ бүртгэлээр дамжуулан хэмжих хэрэгслийн үнэн зөв найдвартай байдлыг ханган ажилладаг. Цахилгаан, дулааны үнийн өөрчлөлттэй холбоотой иргэдийн дунд тоолуурын үнэн зөв ажиллагаатай холбоотой эргэлзээ нэмэгдэж байгаа нь зүйн хэрэг. Монгол Улсад нийтдээ 0.9 сая цахилгааны, 0.5 сая усны, зургаан мянган дулааны тоолуур ашиглагдаж байгаа. Эдгээрт жил бүр 400 мянган орчим баталгаажуулалтын цикль шаарддаг. Эталоны хүчин чадлаас хамаарч том оврын дулаан болон усны тоолуур баталгаажуулах боломжгүй байна. Иймээс бид хэмжих хэрэгслийн талаарх бүх ойлголт, хяналт, үйлчилгээний процесст цогц шинэчлэл эхлүүлэхээр ажиллаж байна. Юуны өмнө тоолуур бүрийн мэдээлэл баталгаажуулалтын хугацаа, шалгалтын дүн, эвдрэл гэмтэл зэрэг иргэний гар утсанд бодит цагийн горимоор харагддаг ил тод цахим систем рүү шилжиж байна. Энэхүү систем нэвтэрснээр хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдаа 70 орчим хувиар буурч, маргаантай ойлголтууд үндсэндээ байхгүй болно. Мөн баталгаажуулалтын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор бүсчилсэн хэмжил зүйн шинэ төвүүд байгуулснаар хэмжил зүйн ажил үйлчилгээ хэрэглэгчид ойртож, түргэн шуурхай болно. Энэ нь иргэдийн гомдлын шалтгааныг үндсээр нь бууруулна. Үүнтэй зэрэгцэн цахилгаан, дулаан, усны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хэмжил зүйн үйл ажиллагааны үнэлгээ бүртгэлийн хүрээнд нэг стандарт, нэг аргачлалаар шалгалт хийж хамтран ажиллаж байна.

Сэтгүүлч Б.Одончимэг

ШатахуунХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2023

Дата архиваас

  1. 2024
  2. 2020
  3. 2019
  4. 2018