Байр суурь2 мин унших
Л.Соронзонболд: Эдийн засгийг тэлэхдээ инфляц бага, төгрөгийн ханш бага унасан байдлаар үр дүн гаргах хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Эдийн засгийн гадаад дотоод орчныхоо нөхцөл байдлаа тааруулаад Монгол банкны бие даасан байдал болон төсвийн бодлоготойгоо яаж уялдаж ажиллах вэ гэдэг тэнцвэрээ олох тал дээр нэлээн сайн анхаарч ажиллаарай гэж захимаар байна. Өнөөдөр Монгол Улсын нөхцөл байдал нэлээн хүнд байна. Компаниудын борлуулалт буурсан байна. Компаниуд ч тэр иргэд ч тэр аль аль нь өрийн дарамтад орсон ийм байдалтай байгаад байгаа. Тийм учраас та ажлаа аваад нэлээн сайн танилцаж байгаад мөнгөний бодлогын хэт хатуу бодлого цааш нь үргэлжлүүлж явуулах уу? ингэвэл эдийн засаг маань агших уу гээд энэ зүйлсийг нэлээн сайн тооцож байгаад шийдвэрүүдээ гаргах байх гэж найдаж байна.
Ард иргэд зээлийн хүүг бууруулах тал дээр ч тэр компаниуд ч тэр хүлээлт өндөртэй байгаа. Тэгээд зээлийн хүүг бууруулъя гээд ярихаар инфляцын асуудал яригдаад байдаг. Инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор зээл бодлогын хүүгээр удирдана гэж байхгүй. Тийм учраас та хөтөлбөр дээрээ бичсэн тэр Макро тогтвортой бодлогын зөвлөл гээд Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Сангийн яам гээд байгууллагуудтайгаа нягт уялдаатай ажиллаж үр дүн гаргаарай гэж хэлмээр байна. Хамгийн гол нь эдийн засгийг тэлэхдээ аль болох инфляц бага, төгрөгийн ханш бага унасан байдлаар ажиллаж үр дүн гаргаарай гэж захимаар байна. Амжилт хүсье.

Эх сурвалж:
Vip76.mn
