Үйл явдал2 мин унших
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж, энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх таван асуудлын товыг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудлын тэргүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх байв.
Чуулганы нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хайрга, дайргыг нийслэлийн нутаг дэвсгэрээс буюу Туул голын сав газраас ихээр олборлож байна. Энэ нь нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж, улмаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь жилээс жилд нэмэгдэх болсон. Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох талаарх зохицуулалтыг хуульчлах шаардлагатай хэмээн хууль санаачлагч үзжээ.
Энэхүү хуулийн төслийг баталснаар эрх ашиг нь хөндөгдөж, зөрчигдөж буй иргэдээс гаргасан гомдлыг эрх бүхий байгууллага авч хэлэлцэх, хараат бус байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийх эрх зүйн орчинг бүрдэнэ. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасан. Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Усны газраас холбогдох судалгааг авч, ажилласан. Манай улсын хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэрсэн нийт газрын хэмжээ 2021 оны байдлаар 11319 га-д хүрсэн, тэдгээрээс 2404.5 га газар нь Улаанбаатар орчмынх хэмээн танилцууллаа. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсэд давхцалтай 46 аж ахуйн нэгжийн 2950.7 га газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан боловч тухайн газруудад нөхөн сэргээлт хийхгүй орхисон зэрэг нь хуулийн төслийг санаачлах үүтгэл болсон гэдгийг хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан онцолсон юм.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба






