Онцлох мэдээ3 мин унших
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Одоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Улсын Их Хурлын 11 Байнгын хороо хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Байнгын хороодын тоо олон байгаагаас шалтгаалан хэлэлцэх асуудал харилцан адилгүй, ажлын ачаалал өөр өөр байна. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан ч өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн санал дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй зарим Байнгын хороо 11-12 гишүүний бүрэлдэхүүнтэй буюу хуульд заасан тооны дээд хязгаар 50 хувьд ч хүрэхээргүй байна. Иймд Улсын Их Хурлын зохион байгуулалтыг цомхон, үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн, уялдаа холбоотой, нэгдмэл гаргах, Байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэх, эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дэд хороонд харьяалуулах нь зүйтэй байна гэж хууль санаачлагчид танилцууллаа.
Мөн Байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн, Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац цахим бодлогын хөгжлийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог тус тус байгуулахаар тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд орж байгаа дээрх өөрчлөлттэй холбоотойгоор Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй, бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байх, хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн Ёс зүй дэгийн байнгын хорооны тогтоолоор батлах журмыг Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор батлахаар тусгасан талаар танилцуулав.