Онцлох мэдээ2 мин унших
Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус туссаныг танилцуулгын эхэнд дурдав.
Үүний дагуу Засгийн газрын зүгээс энэхүү төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Улсын Их Хурлын Эдийн засаг болон Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод танилцуулж, зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг зөвшилцөн дэмжсэнээр 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зураад байна гэлээ.
Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой байна хэмээн танилцууллаа.
УИХ-ын гишүүн Г.Очирбат байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
