Үйл явдал2 мин унших
Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцав

Манай салбарын энэ оны онцлох ажилд дараах албан уулзалт зүй ёсоор орох юм. Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу 2025 оны 09 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Монгол улсад айлчлав. Айлчлалын үеэр, Хавдрын шинэ эмнэлгийг бодит ажил болоход Турк улс бүх талаар дэмжин ажиллахаа хэлж ойрын хугацаанд зураг төсөлтэй нь танилцах уулзалт хийх хүсэлтээ илэрхийлж, Шинэ эмнэлэг нь Монгол, Турк хоёр улсын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно гэдгийг онцлов.
Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглугийн урилгаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тус улсад 2025 оны 11 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв.
Айлчлалын үеэр Сайд Ж.Чинбүрэн БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглутай хоёр талын албан ёсны уулзалт хийж, хоёр улсын Засгийн газар хоорондын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд тохиролцсон санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, өндөр чанартай эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинээр байгуулагдах Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлын хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов.
Тухайлбал, Монголын талаас эмч, сувилагчдыг Турк Улсад шат дараатайгаар сургах, эхний ээлжид өрх, сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг хамруулахаар болсон. Цаашид нярайн эндэгдлийг бууруулах хүрээнд эмч, эх баригч, нярайн сувилагч нарт зориулсан ур чадварын сургалтыг ирэх оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохиролцсон юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

