#Коммент3 мин унших
Л.Энх-Амгалан: Тусгай зөвшөөрөл олгож, сунгаж, сэргээж, хүчингүй болгож буй явцад маш том ХҮНД СУРТАЛ байна!

Нэхэн сануулбал 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүтцээсээ эхлээд олон шинэчлэлийг эхлүүлсэн нь “Боловсрол, Соёл”-ын салбар байсан. Соёлын салбарыг яамны бүтцээс салган тусдаа шинэ яам байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны салбарыг туршлагатай, мэргэжлийн төрийн бодлогыг чиглүүлэх бүрэн чадамжтай хүнээр удирдуулахаар томилсон нь Л.ЭНХ-АМГАЛАН байв.
Монгол Улсын хамгийн том, хамгийн чухал бас хамгийн их засвар, шинэчлэл, зоригтой шийдэл хэрэгтэй энэ салбарыг удирдуулсан нь зүгээр ч нэг улс төржсөн томилгоо байгаагүйг өнөөдөр та бид болон монголын бяцхан үрс мэдэрч байгаа нь нууц биш!
ХУУРАМЧ ДҮН, ХУЛХИ ДИПЛОМ, ХҮРТЭЭМЖГҮЙ ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН САН ЦЭГЦЭРСЭН
Боловсрол нь байнгын тордож, тойглож, салхи оруулж, шинэчилж онцгойлон анхаарах ёстой салбар. Гэвч өнгөрсөн хугацаанд үүнийг орхигдуулсаар ирсний гор гарсан. Боловсролыг мөнгө олох бизнес болгоод удсан, түүнд ямар ч хяналт, шалгуур байгаагүйн нотолгоог “сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны дипломд хийсэн шалгалт” бэлхнээ харуулсан билээ. Тухайлбал, “59 мянган дипломыг шалгахад 724 диплом зөрчилтэй, 2000 нь сэжигтэй байна” гэж тухайн үеийн сайд байсан Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд 200 мянган төрийн албан хаагчийн асуудал босож, хуурамч дипломтой нь батлагдсан нэр бүхий сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг даруй чөлөөлж, хуурамч диплом олгож байсан зарим их, дээд сургуулиудын зөвшөөрлийг тэр дор нь цуцалсан. Тэрбээр оюуны өмчийн хулгайн асуудлаар нийгэмд шүгэл үлээж эхэлснээс хойш олон хүний намтрыг засаж, сургууль, цэцэрлэгийн газрын хулгайг илрүүлж, одоо байгаа газрын тооллогоо бүртгэлжүүлж авсан шигээ оюуны хулгайн “идээ бээр”-ийг сайтар шахсан билээ. Үүний сацуу улс төрд нөлөө бүхий, мэдээлэлд ойр байдаг хүмүүс залуусын боломжийг хулгайлсан буюу Боловсролын зээлийн сан /БЗС/-аас зээл аваад гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байсныг зарлаж, эргэн төлүүлэхээр хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Энэ мэт том зорилготой орж ирээд, тодорхой шинэчлэлүүдийг хийсэн нь түүний “ам, ажил зөрөхгүй” байх зарчмын дор ажилласныг илтгэнэ.
Тусгай зөвшөөрөл олгож, сунгаж, сэргээж, хүчингүй болгож буй явцад маш том ХҮНД СУРТАЛ байна!
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Тусгай зөвшөөрөл олгож, сунгаж, сэргээж, хүчингүй болгож байгаа явцад маш том хүнд суртал байна гэдгийг сануулсан юм.
Ингэхдээ тэрбээр, "Би 2 салбар хариуцаж сайдаар нь ажилласан. Чанаргүй их дээд сургуулиуд дээр арга хэмжээ авч 99 их дээд сургуулийг 65 болгож цэгцэлж байсан. Дахиад 20-иод сургуулийн зөвшөөрлийг нь хүчингүй болгох шийдвэр нь бэлэн болсон байсан. Бодитой үр дүн гарч байсан.
Харамсалтай нь буцааж эргүүлээд сэргээгээд, тоог нь нэмээд байгаа юм байна лээ. Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад хэлний, орчуулагчийн, жолооны курс гээд богино сургалт явуулах зөвшөөрлийг яамдууд хоорондоо булаацалдаад байдаг ийм заваан төрийн дон байдаг.
Үүнийг арилгавал арилгаж болдог. Хамгийн гол асуудал бол сайхан хууль гаргаж болно оо. Тусгай зөвшөөрлийн тоо нэг талдаа багасаж байгаа ч зөвшөөрөл олгож байгаа, сунгаж байгаа, түдгэлзүүлж байгаа, сэргээж байгаа, хүчингүй болгож байгаа явцад маш том хүнд суртал байна шүү Н.Учрал дарга аа" гэсэн юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
