Үйл явдал2 мин унших
Фрэнсис Фукуямагийн “Political Order and Political Decay” номын гол санаа энгийн боловч маш хүчтэй

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн зун Стэнфордын их сургууль дахь “Fisher Family Fellowship” хөтөлбөрт оролцож байхдаа профессор Фрэнсис Фукуямагийн хичээлд сууж, түүнээс биечлэн суралцах боломж надад тохиосон юм. Хүн төрөлхтөний түүхийг хамгийн өнгөтөөр, өргөн хүрээнд өгүүлдэг зохиолч надад Yuval Noah Harari санагддаг бол орчин үеийн улс төр, ардчиллын үүсэл, хөгжил, сорилтыг хамгийн системтэйгээр тайлбарласан сэтгэгч нь Фрэнсис Фукуяма гэж боддог.
Түүний алдарт бүтээл болох “Political Order and Political Decay” номыг нь өөрийнх нь гарын үсэгтэй Стэнфордод байхдаа авсан юм. Уншиж амжихгүй явсаар сая дуусгаад өөрт хадгалж авсан гол сургамжуудаа та бүхэнтэйгээ товчлон хуваалцаж байна.
Энэ номын гол санаа энгийн боловч маш хүчтэй:
Ардчилал дангаараа улс орныг хөгжүүлдэггүй. Харин хүчтэй төр, хууль дээдлэх ёс, бодит хариуцлагын тэнцвэр бий болж байж улс орон тогтвортой хөгждөг.
Бидэнд чухал 5 гол сургамж:
1. Чадвартай төр бол хөгжлийн суурь.
Ардчилсан сонгууль тогтмол явагддаг ч бодлого хэрэгжүүлэх чадвар сул бол улс орон урагшилдаггүй. Мэргэшсэн, тогтвортой, мерит зарчимд тулгуурласан төрийн алба бол ардчиллын бодит тулгуур юм. 2, Хууль дээдлэх ёс бол итгэлийн үндэс.
Албан тушаал, хөрөнгө, нөлөөнөөс үл хамааран хууль ижил үйлчлэх тэр үед л иргэд төрдөө итгэдэг. Энэ зарчим алдагдах нь улс төрийн доройтлын эхлэл болдог.
3, Институц хэзээд ч хувь хүнээс чухал.
Нэг хүнийг солихоос илүү, шийдвэр гаргалт, хяналт, хариуцлагын тогтолцоо хэрхэн ажиллаж байгааг засах нь урт хугацаанд аливаа улсын хөгжилд илүү үр дүнтэй. Хувь хүнээс хамааралгүй, хариуцлагатай, бие даасан институци бол бидний жинхэнэ аврал юм.
4. Аливаа реформ заавал нутагшсан байх ёстой.
Гадаадын сайн жишээ олон ч Монголын нөхцөлд тохирохгүй бол амжилт авчрахгүй. Өөрийн түүх, соёл, онцлог, нийгмийн бүтэцтэй нийцсэн институц л тогтвортой хөгжлийг авчирна.
5. Улс төрийн доройтол аажмаар өрнөдөг.
Хяналт суларч, дүрэм мөрдөгдөхөө болих нь нэг дор илэрдэггүй. Харин анзааралгүй орхисоор “хэвийн мэт” санагдах тэр мөчөөс хамгийн аюултай байдал эхэлдэг.

Фукуяматай уулзсан ярианаас надад хамгийн тод үлдсэн нэг санаа:
Ардчиллыг бий болгохоос илүү, түүнийг хадгалж хамгаалах нь илүү хэцүү. Монгол Улсад өнөөдөр бид уриа лоозонгоос илүү институцээ бэхжүүлэх, хариуцлагыг бүх шатанд бодитоор хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Олон нийтийн итгэл дээр суурилсан төр л урт хугацаанд тогтвортой оршдог.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

