Үйл явдал2 мин унших

Ажлын хэсгийн гишүүд ХЗДХ-ийн дэд сайдтай уулзлаа

Ажлын хэсгийн гишүүд ХЗДХ-ийн дэд сайдтай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ болон тус яамны удирдлагын багийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, М.Ганхүлэг тэргүүтэй Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдийг өнөөдөр (2026.01.27) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Эрдэнэбулган Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн үйл ажиллагаа, мөн хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Ажлын хэсгийн гишүүд ХЗДХ-ийн дэд сайдтай уулзлаа

Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахлан ажиллаж байгаа бөгөөд уулзалтын үеэр Саадгүй орчин, хүртээмжтэй байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зорилго, зохицуулалтын үндсэн агуулгыг яамны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо.

Ажлын хэсгийн гишүүд ХЗДХ-ийн дэд сайдтай уулзлаа

Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах стратеги болон түүнийг хэрэгжүүлэх 2026-2029 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж буйг өндрөөр үнэлж, төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг цаашид хамтран хэрэгжүүлэхэд нээлттэй, бодит дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодитоор хангах, нийгмийн бүхий л салбарт тэгш хүртээмж, саадгүй орчныг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Саадгүй орчин, хүртээмжтэй байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ онцлон тэмдэглэлээ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016