Үйл явдал3 мин унших
Дэлхийн хотуудыг хөлдөөж, аюулын харанга дэлдсэн томоохон ослууд ба тэдгээрийн сургамж

Одоохон...
Үйл явдал3 мин унших


Якутск хот (ОХУ, 2021 он) - Элэгдсэн шугамын гамшиг: 40-50 жилийн насжилттай, элэгдсэн шугамуудыг санхүүжилтгүйн улмаас цагт нь солиогүй нь –45°C хүйтэнд систем хөлдөхөд хүргэж, 1,000 гаруй орон сууц, 10 гаруй сургууль, цэцэрлэг бүрэн дулаангүй болж, барилгын доторх шугамууд хагарснаар хотын захиргаа гол шугамуудыг –50°C-д тэсвэртэй дулаалгаар сольж, заавал нөөц шугамтай байх шийдвэр гаргажээ.
Норильск хот (ОХУ, 2018 он) - Хэмнэлтийн уршиг: Зөвлөлтийн үеийн хуучин тоноглолын зардлыг танаж, өвлийн тусгай тос хэрэглээгүйгээс –40°C хүйтэнд станц зогсож, 60 гаруй орон сууц, хэд хэдэн үйлдвэрийн бүс халаалтгүй болж үйл ажиллагаа нь зогссон тул цаашид тос тосолгооны материалыг улирлаар хатуу ангилж, тосыг урьдчилан халаах системийг давхардуулан суурилуулдаг болсон байна.
Экибастуз хот (Казахстан, 2022 он) - Үнийн хөөс ба сүйрэл: 60 жил болсон станцын тарифыг төрөөс хиймлээр барьж алдагдалтай ажиллуулснаар их засвар хийгдээгүй, улмаар –30°C-т гол хоолой задарч 149 олон давхар орон сууц, 114 хувийн сууц, 15 нийгмийн объект тэр чигтээ хөлдөж, онц байдал зарласан тул станцын насжилтын дээд хязгаарыг хуульчилж, их засварыг заавал хийх хатуу журам баталжээ.
Польш улс (2010 он) - Дутуу үнэлсэн эрсдэл: Социализмын үеийн станцуудын хөрөнгө оруулалтыг царцааж, хөргөлтийн системийн дулаалгыг хэмнэсэн нь –25°C хүйтэнд систем хөлдөхөд хүргэж, 500 гаруй барилга, олон нийтийн байгууламж халаалтгүй болж, дотоод шугамууд нь давхар сүйдсэн тул хөргөлтийн системийг иж бүрэн дулаалж, автомат гэсгээх төхөөрөмж суурилуулах шийдэлд хүрсэн байна.
Харбин хот (БНХАУ, 2019 он) - Чанаргүй бүтээн байгуулалт: Хотын хурдтай тэлэлтийн үед барилгын дулаалгыг хямд, чанаргүй материалаар хийсэн нь станц ажиллаж байсан ч дулааны алдагдал хэт ихсэхэд хүргэж, 30,000 гаруй өрх гэртээ хэт даарч, цахилгаан халаагуураар сүлжээг унагасан тул барилгын дулаалгын стандартыг эрс чангатгаж, дулаан хангамжийг барилгын хийцтэй уялдуулах болжээ.
Техас муж (АНУ, 2021 он) - Бэлтгэлгүй систем: Эрчим хүчний компаниуд ашгаа бодож "өвөлжилтөд бэлтгэх" зардлыг хэмнэсэн нь гэнэтийн хүйтрэлээр систем бүхэлдээ сүйрэхэд хүргэж, 4.5 сая айл өрх, аж ахуйн нэгж цахилгаан, дулаангүй болж, олон зуун хүн амь насаа алдсан тул эрчим хүчний эх үүсвэр бүрийг өвөлд бэлэн байлгахыг хуульчилж, аюулгүй байдлын шинэ стандарт мөрдүүлж эхэлжээ.
УЛААНБААТАРЫН "ЗҮРХ" БОЛСОН СТАНЦУУДЫН БОДИТ БАЙДАЛ: Эрсдэлийн ирмэгт
ДЦС-2 (Ашиглалтад орсон: 1961 он) - Тэтгэвэрт гарах хугацаа нь хэтэрсэн: 60 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа, технологийн хувьд бүрэн хоцрогдсон энэ станц нь уг нь аль хэдийн ашиглалтаас гарах ёстой байсан ч дулааны дутагдлаас болоод "амь тариатай" ажиллаж байна. Үндсэн тоноглолуудын металлын ядаргаа дээд цэгтээ хүрсэн тул томоохон гэмтэл гарахад сэргээх боломж маш хомс, эрсдэл хамгийн өндөр объект юм.
ДЦС-3 (Ашиглалтад орсон: 1968 он) - "Нөхөөс"-өөр тогтож буй систем: 50 гаруй жилийн насжилттай тус станц нь системийн дунд хэсгийг даадаг ч үндсэн турбин, зуухнуудын элэгдэл ихтэй. Сүүлийн жилүүдэд хүчин чадлыг нь өргөтгөж (50МВт, 75МВт г.м) байгаа нь хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг "гал унтраах" байдлаар хааж байгаа хэрэг бөгөөд суурь дэд бүтэц нь хуучин хэвээрээ тул ослын магадлал байнгын өндөр түвшинд байна.
ДЦС-4 (Ашиглалтад орсон: 1983 он) - Хэт ачаалалтай "Нуруу": Монгол Улсын цахилгааны 70%, Улаанбаатарын дулааны 65%-ийг ганцаараа үүрч буй тус станц 40 жил ажиллаж байна. Хамгийн аюултай нь тус станц өвлийн оргил ачааллын үед "Нөөц тоноглолгүй" (Zero reserve) горимоор, бүх зуух турбинаа тултал ажиллуулдаг тул ганц л тоноглол зогсоход хот тэр чигтээ хөлдөх, цахилгаан тасрах бодит аюул нүүрлээд байна.
Бодит үнэн, ШУ-ны үүднээс хүлээн авч уншаарай!
Copy by : aguulga