Үйл явдал2 мин унших
Монголчууд бөхөд хайртай нь үнэн. Гэхдээ энэ цаг үед инженерүүд илүү их хэрэгтэй байна!

Дээд түвшний айлчлалын үеэр заримдаа протоколд төлөвлөөгүй зүйлс яригдах тохиолдол бий л дээ. “Эв нь таарвал” эх орондоо үр ашигтай юмыг яриад авахад дорхноо бүтчихдэг тал ч бий. Тиймээс л “гэнэтийн даалгавар” гэж тодотгосон хэрэг.
Даалгаврын мөрөөр Дээд боловсролын газрын дарга Х.Тамирын хамтаар бэлтгэл ажлыг эхлүүлэн, хилийн чанадыг зорьж төслүүдийг хэрхэн эхлүүлэх талаар уулзалтууд хийлээ. Германууд ч бас бидэн шиг урьдчилан бэлдсэн зүйлгүй тул нэлээд суух хэрэг гарлаа.
Европын хамгийн өндөр бүтээмжтэй, технологийн хөгжлийн магнайд явдаг тэр улсад бид 1,000 инженер бэлтгэнэ. Энэ үйлсийг хоёр орны их сургуулиудаараа дамжуулан 3+2 буюу энд гурван жил, Германд хоёр жил сурна гэсэн шийдлээр хэрэгжүүлэх аргыг хамтран олов.
Хоёрдугаар шатны нарийвчилсан төслийг ШУТИС-ийн Ректор Т.Намнан, Монгол-Германы их сургуулийн Захирал Б.Батцэнгэл нар гардан бэлтгэж билээ. Үүнээс цаашаа ажил хэрэг болон өрнөхөд “герман маягийн” харилцаа, хөөцөлдөлгөө хэрэгтэй. Харин Солонгост 1,000 эмч, эмнэлгийн ажилтнууд бэлдэх ажил харьцангуй гайгүй хөрсөн дээр өрнөсөн. Эхний шатны төслийг боловсруулсны дараа АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар нарийвчилсан, хоёр дахь төслийг удирдан бичив.
БНСУ-д эмч, сувилагч бэлтгэх нь манайд нарийн оношлох, эмчлэх боломжгүй 20 гаруй өвчнийг оношлох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, АШУҮИС-ийн ахисан түвшний сургалтыг дэлхийн жишигт ойртуулах боломж байлаа. Үүнтэй зэрэгцээд нэгэн цагт Л.Гантөмөр сайдын үед Японтой хамтран амжилттай хэрэгжүүлсэн 1,000 инженер төслийн хоёрдугаар шатыг үргэлжлүүлэх эхний яриа хэлцлүүд явагдлаа.
Япон бол манай гуравдагч хөрш орнуудаас хамгийн дотнын улс. Өнөөдөр сүмочдыг энэ хоёр орны харилцааны гүүр гэж нэрлэдэг. Тэгвэл бид дахин нэг гүүрийг инженер, эрдэм мэдлэгээр барьж хос гүүртэй болохыг зорих ёстой юм.
Японы Боловсролын сайдтай хийсэн уулзалтын үеэр тэрээр “Монгол хүүхдүүд сүмо бөх болохоор маш их ирж байгаа. Бид энэ тал дээр их анхаарал тавьдаг” гэв. Би хариуд нь “Монголчууд бөхөд хайртай нь үнэн. Гэхдээ энэ цаг үед Монголд инженерүүд илүү их хэрэгтэй байна. Япон Монгол хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжсэн 1000 инженер хөтөлбөр маш сайн хэрэгжсэн.
Гэхдээ энэ хөтөлбөрийн хэрэг нь танай талд ч бас гарсан даа, учир нь шинэхэн инженерүүдийн маань зарим нь эх орондоо буцалгүй үлдсэн” гэлээ. Японы сайд жаахан тулгамдсан уу, “Хүнд эх орон хамгийн чухал байдаг. Тэд хэзээ нэг цагт эх орондоо очих байх аа” гэж билээ.
Бид гадаадын улс орнуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхдээ манай улсад ирэх үр өгөөж, давуу талыг хэрхэн өсгөн нэмэгдүүлэх вэ гэдгийг цээжний мухартаа байнга бодож байх ёстой нь эндээс харагдах байх.

системийн туйлдал ба реформ номын хэсгээс...
