Үйл явдал2 мин унших
Гүрмийн нуурыг чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд авто зам чухлыг онцлов

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Өнөөдрийн хоёр дахь уулзалт Баян-Овоо суманд үргэлжилж, сумын төв болон хөдөөгийн багийн 120 гаруй иргэн, малчид оролцлоо.

Уулзалтын үеэр 30 шахам хүн асуулт асууж, санал хүсэлтээ уламжлав. Уулзалтад оролцсон иргэдийн асуултаас онцолбол,
-Иргэн н.Даваажав залуу малчдыг дэмжих хөтөлбөр бодит үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэхийг хөндөж, малчдын залгамж халааг бодлогоор дэмжих шаардлагатайг дурдав. Тэрбээр “Сум уул уурхайг дагаж бус, хүн ам, малчдаа дагаж хөгжих ёстой” гэв. Мөн уул уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, лиценз олголтыг хязгаарлахыг хүсэв.
-Багийн Засаг дарга н.Отгонбаяр хүн амын тооллого, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг уламжиллаа. Түүнчлэн Сум хөгжүүлэх сангаас зөвхөн хоршооны гишүүдэд зээл олгодог шийдвэрийг эргэн харах, цуцлах шаардлагатайг хэлэв.
-Наран багийн Засаг дарга н.Төртогтох ноолуурын зах зээлийг чөлөөлөх, Батноров–Баян-Овоо–Түмэнцогт чиглэлийн авто зам барих боломж, уул уурхайн байгаль орчны нөлөөллийн бүс дэх малчдын зохицуулалтын талаар асуудал хөндлөө.
-Сүмбэр багийн малчин н.Цэцэгмаа Гүрмийн нуурыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд авто зам барих шаардлагатайг онцолж, зүүн гурван аймгийн дунд түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах санал дэвшүүллээ.
-Иргэд тэтгэврийн зээлийн эрсдэлийн даатгал, батлан даагчийн асуудлыг эргэн харах, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт хувийн эмнэлгүүд рүү чиглэж, улсын эмнэлгүүд орхигдож байгаад анхаарах шаардлагатай,
-Банкны зээлийн хүүг бууруулах, зээлийн өр, орлогын харьцааг 45 хувиар тогтоосон журам хөдөө орон нутагт хүндрэл учруулж байгааг онцолж, Монголбанкнаас гаргаж буй зээлийн бодлогын журмыг орон нутгийн онцлогт нийцүүлэх шаардлагатайг дурдав.
Мөн номын сангийн тавилга, эд хогшил, номын фондын санхүүжилтэд анхаарах, салбарын хуульд өөрчлөлт оруулах, Наран багийн малчид “Чулуут” гэх газарт олгосон хайгуул, ашиглалтын лицензтэй холбоотой гомдол, саналыг уламжиллаа. Түүнчлэн махны үнэ, ноолуурын зах зээлийн чөлөөлөлтөд төрийн оролцоог хумих, хүүхэд хамгаалал, оюутны сургалтын төлбөр, цэвэрлэх байгууламж, шатахууны хомсдол, орон сууцны хоёр хувийн татвар зэрэг асуудлыг хөндөн ярьж, саналаа хүргэв. Баян-Овоо сумын Цагдаагийн тасгийн байр ашиглалтад орсон бөгөөд Спорт заал, Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн төсвийг 2026 онд баталснаар энэ онд ашиглалтад орох юм.