#Тойрог3 мин унших

Батноровчууд улс эх орноо цэгцлэх, төрийн дээд шатны сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарахыг хүсэв

Батноровчууд улс эх орноо цэгцлэх, төрийн дээд шатны сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарахыг хүсэв
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат

Тойргийн гишүүдээ төлөөлөн УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хамт Батноров суманд ажиллаж УИХ-ын хууль тогтоол, Монгол улсын нийгэм, эдийн засгийн тойм, 2026 оны төсвийн талаар мэдээлэл хүргэж иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Батноровчууд улс эх орноо цэгцлэх, төрийн дээд шатны сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарахыг хүсэв

Сумын удирдлагуудын зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн барилга, дотуур байрны их засварын хэрэгцээ шаардлага, төрийн албан хаагчдын цалин хангамж, тэтгэмжийн асуудлыг хөндөн уламжлав.

Мөн Чингис хот – Батноров сумын чиглэлд хүнд даацын автомашинууд даац хэтрүүлэн зорчиж, авто замын эвдрэлд нөлөөлж буй асуудлыг хэллээ. Ялангуяа шөнийн цагаар хяналт сул үед хүнд даацын тээврийн хэрэгслүүд зорчиж байгаа нь замын ашиглалтын хугацааг богиносгож, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа. Иймд замын хяналт, арчлалтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг дурдав.

Түүнчлэн байгалийн өнгөт чулуу түүх байдал дахин сэргэж байгаа талаар анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудын хяналт шалгалтыг чангатгах хэрэгтэйг онцолсон юм.

Батноров сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш н.Оюунсоёмбо багш нарын цалин хангамжийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Багш нар цалингаа 50 хувь нэмүүлнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл манай сургуулийн төсөв өмнөх оны дүнгээрээ ирсэн. Манай ЕБС нийт 66 ажилтантай. Нэмэгдэл авсан багш нарын хувьд 100-500 мянган төгрөгийн нэмэгдэл авсан бол зарим багшийн цалин буурсан. Сайдын тушаал суурин дээрээ өөрчлөгдсөн. 66 хүний 35 нь авах ёстой цалингаасаа 40-600 мянган төгрөгөөр бага цалин авч байна” гэв. Бодит байдал дээр зарласан нэмэгдэл, сургуулиудад ирсэн санхүүжилтийн хэмжээ зөрүүтэй байгааг онцолж, цалингийн асуудлыг тодорхой болгох шаардлагатайг хэллээ.

Батноров сумын эмч Лхагважав “Эрүүл мэндийн төвд хоёр орон тооны цомхотгол хийсэн. Тус төвийн өргөтгөл баригдаад гурван жил болж байгаа ч халаалтын асуудал доголдолтой явж ирсэн. Энэ талаар аймгийн холбогдох байгууллагад хүсэлтээ өгөөд явж байна. Мөн тус ЭМТ-ийн хуучин барилга ашиглах боломжгүй болж байна. Их засвар хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэв.

Батноров сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Цэцэгсүрэн, Монгол хэлний багш

н.Оюунгуа, СӨБ-ийн багш н.Нарангарав нар сургуулийн барилгын их засвар, хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулах, цалингийн үр дүн, урамшууллыг хассан асуудлыг хөндөв. Мөн төрийн албан хаагчид, багш нарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, бодитой үр дүн гаргах шаардлагатайг онцлов.

Идэрмэг багийн малчин н.Энхбаатар махны үнэ өмнөх жилүүдээс өссөн нь малчдын амьдралд тодорхой хэмжээнд дэмжлэг болж буйг онцоллоо. Тэрбээр цаашид төрөөс энэ чиглэлд ямар бодлого баримтлах талаар тодорхой байр суурь илэрхийлэх шаардлагатайг дурдсан юм.

Мөн авлига, хээл хахуулийн асуудал дээд шатандаа хүрсэн хэмээн үзэж, улс эх орноо цэгцлэх, төрийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарахыг хүсэв.

Соёлын төвийн эрхлэгч н.Саранзаяа өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн соёлын төвийн төсөв бүрэн танагдсан талаар мэдээлж,  энэ оны төсөвт ажилтнуудын үр дүн, ур чадварын урамшууллыг мөн хассан гэлээ. “Соёлын төвийн төвлөрүүлсэн зардлыг буцаан олгох боломж бий юу. Нэгдүгээр сарын цалинг өр тавьж олгосон. Соёлын дархлааг хойш тавивал хувь хүний хөгжил, соён гэгээрлийн асуудал орхигдоно” хэмээн тэрбээр байр сууриа мөн илэрхийлэв.

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013