#Тойрог2 мин унших
“Эргэх холбоо иргэдээ сонсох” уулзалтыг Биндэр суманд зохион байгууллаа

УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлах, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тойм мэдээллийг хүргэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох уулзалтыг Биндэр суманд зохион байгууллаа.
Орон нутагт ажиллах үеэр иргэд багш нарын цалин бодитоор нэмэгдээгүй, төрийн байгууллагуудын цалин санг бууруулсан, төрийн албан хаагчдын цомхотгол үргэлжилж буй, орон нутагт олгогдох зардлууд хугацаандаа ирэхгүй байгаа талаар шүүмжилж байв. Мөн шатахууны хомсдол, тог цахилгааны хязгаарлалт үргэлжилж байгаа нь хөдөө орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байгааг онцоллоо.

Түүнчлэн төрийн албаны сахилга, хариуцлага доод шатанд харьцангуй сайн хэрэгжиж байгаа ч дээд шатанд хариуцлагын тогтолцоо сул байгааг засах шаардлагатайг иргэд захин хэлэв.
Биндэр сумын иргэд төрийн өмчит компаниудын хувьчлал, 1072 хувьцааны ногдол ашиг, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар тодруулга хийлээ. Ялангуяа Цагаан сарын баярыг угтан ахмадууд зээл авах хүсэлт гаргахад арилжааны банкнуудын хатуу шалгуур босгод хүрэхгүй байгаа асуудлыг хөндсөн юм.

Мөн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүхэн аялал жуулчлалын “Их Хуралдай” цогцолборыг дөрвөн улиралд тогтвортой ажиллуулах, ерөнхий боловсролын сургуулийн шинэ дотуур байр барих, спорт цогцолбор байгуулах, өвлийн спортыг бодлогоор дэмжих, инженерийн шугам сүлжээний доголдлыг арилгах зэрэг саналуудыг иргэд уламжиллаа.
Уулзалт дөрвөн цагийн турш үргэлжилсэн бөгөөд тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Л.Мэндбаяр оролцож, ажлын тайлан болон аймгийн хэмжээнд гарсан онцлог шийдвэрүүд, эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө




