#Коммент3 мин унших
Б.Энхбаяр: Сэтгэцийн донтой хэрэг хариуцах чадваргүй хүмүүсийг албадан эмчлэх төв нэртэй "шорон" барина!

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр оролцсон. Тэрээр хэлсэн үгэндээ хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “хууль хүн бүрд адил тэгш үйлчилдэг байх” зарчмыг баримталж, хариуцсан ажилдаа “хоёргүй сэтгэл”-ээр хандах нийгмийн шаардлага үүссэн.
Үүнийг иргэдээс ирүүлж буй санал, гомдол болон төрийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, шаардлагаас үзэхэд ил тод харагдаж байгааг сануулан, үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, бүх шатанд шударга ёсны зарчим баримтлах, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлд бодит санал санаачилга гаргаж ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн ШШГБ-д буй бугшсан, шударга бус зарим ажлыг тогтолцоогоор нь өөрчлөх цаг болсныг онцолоо.
Хоригдлыг үнэгүй ажиллах хүчин эсвэл мөнгө олж болох зэвсэг гэж хардаг ийм дадал хорих байгууллагын удирдлагуудад нэвт шингэсэн байна. Энэ бол бүүр дадал болж хувирчээ. Хоригдлуудаар дамжуулж мөнгө хийдэг. Эрхтэн, дархтантай холбоотой асуудлууд дээр хөдөлж өгдөггүй, сонирхлын зөрчил гаргадаг энэ асуудал бугшсан байна гэж Хууль зүйн сайд дүгнэж байгаа. Өнгө, мөнгөтэй эрх мэдэлтэй албан тушаал хашиж байсан хүмүүс богино хугацаагаар ял эдлээд гардаг. Шагналын хоногуудыг авдаг, хорих ангийн дарга нар эрхтэн дархтантай ийм хүмүүсээр анги дээрээ хөрөнгө оруулалт нэрээр тохижилт хийлгээд, нөгөө хоригдлыг амраадаг. Энэ бол авлигал. Ийм үйлдлийг би цаашид гэмт хэрэг гэж үзнэ.
10375 иргэнд хилийн хориг тавигдсан байна. Хүний үндсэн эрх гадаадад чөлөөтэй зорчих, ажил мэргэжил хийх, бизнес хийх, эмчлүүлэх, энэ үндсэн эрхэд нь ШШГБ үзэмж дур зоргоор хориг тавих, хязгаарлалт тавих замаар халдаж байгаа энэ асуудлыг, нэн тодорхой шалгуур үндэслэлтэй болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Сэтгэцийн донтой хэрэг хариуцах чадваргүй хүмүүсийг албадан эмчлэх төв нэртэй "шорон" барина. Дахиж ийм аймшигтай хэрэг гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд эрх зүйн өөрчлөлтийг УИХ-д танилцуулж хийнэ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд орон тооны дутагдалтай ажлын ачаалал нь байна. Толгой нь томдчихсон, том цолтой, цөөхөн цэрэгтэй ийм дарга сэтэртэй албан тушаалтнуудыг багасгана.
Ажлын ачаалал ихтэй, хүнд нөхцөлд байдаг шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын урамшуулалд олгодог байсан тогтолцоог энгийн албан хаагчдынхаа цалинг нэмэхэд зарцуулах шийдвэрийг ХЗДХ-ийн сайд тушаал гаргаж 2026.02.04-ний өдөр шийдвэрлэсэн. Энэ тушаалаар 150-200 мянган төгрөгөөр сар тутам үндсэн цалинг нь нэмж байгаа гэдгийг та бүхэнд дуулгая. Мөрдөстэй цэрэг, хүмүүсийн ажлыг хүндийг би мэднэ. Та бүхнийг хамгаалах үедээ хэнээр ч хэлүүлэхгүйгээр хамгаалж ажиллана.
Энэ тогтолцооны өөрчлөлт, эрх зүйн шинэчлэл, сэтгэлгээний өөрчлөлт, бодлогын өөрчлөлтүүд хэрэгжвэл би 10 жилийн дараа ШШГБ-ын үйл ажиллагааны талаар жилдээ 8 мянган иргэний гомдол Хууль зүйн сайдад ирдэг биш, Хууль зүйн сайдын нэр дээр, энэ байгууллагын талаар нэг ч өргөдөл, гомдол ирдэггүй байгаасай гэж бодож өнөөдөр та бүхэнд энэ үгийг хэлж байгаа юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа






