Үйл явдал3 мин унших

О.Саранчулуун: Ёс зүйгээ хуульчилж чадвал нийгмийн доод босго дээшилнэ. Харин ёс зүйгээ ухамсарлаж чадвал нийгмийн соёл бүхэлдээ дээшилнэ

О.Саранчулуун: Ёс зүйгээ хуульчилж чадвал нийгмийн доод босго дээшилнэ. Харин ёс зүйгээ ухамсарлаж чадвал нийгмийн соёл бүхэлдээ дээшилнэ

Одоогоос 50 жилийн өмнө АНУ дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хөдөлгөөн ингэж эхэлжээ. Манай баг өчигдөр Ялгаварлан гадуурхалтаас ангид байх тухай шинэ хуулийн төслийн хэлэлцүүлгээ эхэлсэн. Харин цагаан сарын өмнө Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай үзэл баримтлалаа яамдуудаар явж танилцуулсан.

Яагаад гэж үү? 

Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг эрх зүйн нэмэлт зохицуулалт биш, харин нийгмийн ёс зүйн суурь зарчмыг хуульчилж баталгаажуулах алхам хийхээс өөр аргагүй учраас л ингээд байгаа юм.

Зарим эрх баригчид ёс зүйн л асуудал шүү дээ Сараа минь гэж түвэгшээж, тэр бүү хэл Хүний эрхийн комисс нь хүртэл ийм хууль байх шаардлагагүй гэж дүгнэхийг харлаа.

Мэдээж Ёс зүй ба хууль хоёр ялгаатай ойлголт. Ёс зүй бол “зөв, буруу”-гийн тухай бидний дотоод ухамсар, нийгмийн үнэт зүйл. Харин хууль бол төрөөс албан ёсоор баталж, зөрчвөл хариуцлага тооцдог доод хязгаарын зохицуулалт, мэдэж байнаа би.

Бид ёс зүйг бүрэн хуульчилж чадахгүй. Хэн нэгнийг хайрлах, хүндэтгэх, шударга байхыг хуульчилж албадна гэвэл эрх чөлөөнд халдана. Гэхдээ бусдын эрх, нэр төр, боломжид хохирол учруулж буй үйлдлийг хуульчлах ёстой. Ялангуяа өөрсдийгөө хамгаалах нийгмийн, эдийн засгийн, бие махбодын боломж харьцангуй сул байгаа эмзэг бүлгийн хувьд төрийн хамгаалалт зайлшгүй шаардлагатай.

Яагаад эмзэг бүлгийг онцолж байна вэ?

Учир нь ялгаварлан гадуурхалт бүгдэд адилхан нөлөөлдөггүй. Нэг хүнд тохиолдсон үл тоомсорлол нөгөөд нь амьдралын боломж хаагдах шалтгаан болдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын ярилцлагад ороод орчин нь хүртээмжгүйгээс болж оролцож чадахгүй бол энэ нь хувь хүний “азгүйтэл” биш — системийн ялгаварлалт.

Ахмад настан үйлчилгээ авч чадахгүй бол энэ нь “насных нь асуудал” биш — бодлогын дутагдал. Эмэгтэй, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цөөнх бүлгийн төлөөлөл эрхээ эдэлж чадахгүй байвал энэ нь зөвхөн ёс зүйн алдаа биш, харин хууль эрх зүйн хамгаалалт, тогтолцоонд дутагдал байгаагийн  л илрэл. Өчнөөн бодлогын судалгаа нийтлэл бий.

Тиймээс зарим ёс зүйг хуульчлах нь зайлшгүй болчихоод байна, тэр дундаа Ялангуяа хүний эрх, нэр төр, тэгш боломжтой холбоотой асуудлыг “сайхан сэтгэл”-д найдаж орхиж болохгүй. Хууль бол ёс зүйн хамгийн доод босго. Хэн нэгэн хүнийг гадуурхахгүй байх, доромжлохгүй байх, боломжийг нь хаахгүй байх нь хүн ёсны мөн чанар байхаас гадна хуулийн шаардлага байх ёстой.

Гэхдээ бидний зорилго зөвхөн хуультай болчихоор бүх юм болчих ч юм бас биш лд. Хууль айдсаар/санкцаар хэрэгждэг бол ёс зүй ухамсраар хэрэгждэг. Угтаа бол #хөгжил гэдэг бол хүмүүс хууль зөрчихөөс айсандаа биш, харин зөвийг ойлгосондоо бусдын эрхийг хүндэлдэг нийгэм юм.

Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль, болон саадгүй орчны хуулиуд бол эмзэг бүлгийг “онцгой эрхтэй” болгох тухай биш. Харин тэднийг бусдын адил тэгш боломжтой болгох тухай. Энэ бол давуу эрхийн асуудал биш — шударга ёсны асуудал билээ.

Хэрэв бид ёс зүйгээ хуульчилж чадвал нийгмийн доод босго дээшилнэ. Харин ёс зүйгээ ухамсарлаж чадвал нийгмийн соёл бүхэлдээ дээшилнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009