Үйл явдал2 мин унших
Сэтгэл зүрхний боловсрол

2021 оны 3 дугаар сард сэтгэл зүйн мэргэжилтнүүд, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг ТББ-ынхантай уулзсан уулзалтын араас Эморигийн их сургуулийн СИИ (SEEL) хөтөлбөрийг Монголд нутагшуулж буй хүмүүс болох Батцэнгэл лам, Ариунзаяа багш нартай уулзсан юм.
Энэ бол зөвхөн сэтгэл зүйч бэлтгэхээс гадна сэтгэл, оюуны боловсрол олгох хөтөлбөрийг ч хэрэгжүүлэх эхний алхам, оролдлогууд байлаа. Дэлхийн олон улс үндэсний хөтөлбөртөө шингээж, хүүхдүүдэд өөрсдийнх нь сэтгэл хөдлөлийн тухай, түүнийг хэрхэн зөв зүйтэй жолоодох, бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох, тэдгээр хүнлэг чадваруудаа хэрхэн ашиглаж найрсаг харилцаа тогтоох тухай, хамтын зөв шийдвэрт хүрч чаддаг тухай зааж, ойлгуулахыг зорьдог болжээ.
“Боловсрол нь зөвхөн шинжлэх ухааны мэдлэг олгох төдий зүйл биш. Хүн төрөлхтний суурь үнэт зүйлсийг, хариуцлагын тухай түгээмэл мэдрэмжийг татаж оруулах хэрэгтэй бөгөөд энэрэнгүй сэтгэлийг зүрх, тархиндаа суулгах нь хамгийн гол тулгуур...” хэмээн XIV Далай лам хэлсэн удаатай.
Ингээд Ариунзаяа багштай хамтраад сум, аймаг, нийслэлийн тус бүр нэг сургууль дээр СИИ хөтөлбөрийн сургалтыг эхлүүлэв. Хэсэг хугацааны дараа туршилтын нэг цэг болох Баянгол дүүргийн 113 дугаар сургуулиар орлоо. Багш нарын сэтгэгдлийг сонсоод дотор огшиж байна. Хүүхдүүдийн дунд гарсан өөрчлөлт санаанд оромгүй аж.
Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн асуудал ямар чухал болохыг бид илүү ухамсарлан ойлгов. Орос хэлний багш байсан санагдана. Нэрийг сайн санахгүй байгаадаа хүлцэл өчье, тэрээр:
“Би энэ жил тэтгэвэртээ сууна. Боловсролын салбарт 30-аад жил ажиллаж байна. Би өөрийгөө хамгийн туршлагатай, чадвартай, мундаг багш гэж боддог байлаа. Гэтэл СИИ сургалтад суугаад би багш болох болоогүй юм байна гэдгээ ойлголоо”... гэж догдлон өгүүлж билээ.
Сурагчаа ойлгох, энэрэх, өөрийгөө стресс бухимдлаас чөлөөлөх, хамтран ажиллахын чухлыг тэрээр энэ хөтөлбөрөөс олж харан суралцжээ. Үүний дараа хөтөлбөрт хамрагдах сонирхолтой 50 орчим сургуулийг бүртгэж сургалт эхлүүлсэн юм.
Нэгдүгээр шатны сургалтуудад 48 сургууль, хоёрдугаар шатад 20 сургууль, гуравдугаар шатанд 8 сургууль хамрагдсан. Одоо Ариунзаяа багш маань бага боловсролын эхэн үе, хожуу үе, дунд ахлах анги, багшид зориулсан сурах бичиг, гарын авлагаа боловсруулан бэлэн болгожээ.
Багшийн гарын авлагын номын удиртгалд “ХХ зууны хүн төрөлхтөн баян, ядуугийн ялгааг гүнзгийрүүлж, “тэд ба бид” гэх тэмцлийг дэвэргэж, дэлхийн дулаарал зэрэг олон асуудлын суурийг тавьж, гал дээр тос нэмснийг ХХI зууны иргэд бид хамтдаа шийдвэрлэх ёстой болоод байна” гэж АНУ-ын сэтгэл судлаач, доктор Даниэл Гоулманы үгийг бичсэн нь анхаарал татсаныг энд хуваалцъя.
Сэтгэл хөдлөлөө эергээр жолоодох, өөртөө энэрэнгүй хандах, бусадтай харилцах эв дүйд суралцах нь хөгжлийн чухал үе шатуудад академик орчинд өсөж дэвжих, хувь хүнийхээ хувьд сайн сайхан, үр бүтээлтэй байхад тусалдаг болохыг энэхүү сургалтын багийнхны ажлын үр дүн батлан харуулж байгаа юм.


