Үйл явдал4 мин унших
Хар дарсан зүүднээс сэрээгчид...

Сэтгэл зүйч гэдэг нь манайд “цоо шинэ” ажил мэргэжил байсан тул анх нэвтрүүлэхэд асуудал гарна гэсэн хүлээлттэй байсан. Гэхдээ бодит байдал санаснаас ч илүү хүнд нөхцөлийг үүсгэв.
2021 оны 3-р сард манайд байдаг сэтгэл зүйн мэргэжилтнүүд, сэтгэл зүйчдийн нийгэмлэг, ТББ-ын хүмүүсийг урьж чөлөөтэй яриа хөөрөө өрнүүлсэн юм. Өмнө нь “уг нь хэрэгтэй л...” гэх зэргээр мэр сэр үг сольж байснаас биш яг ажил болчих хэмжээнд ингэж ярилцаж байгаагүй юм байж.
Зочид маань асуудлаа ч сайн мэдэж байна, сэтгэл ч их өндөр байна. Ингээд хоёр асуулт гарлаа:
• Ингэхэд сэтгэл зүйч мэргэжилтнүүд манайд хэд байна вэ?
• Ялангуяа хүүхдийн сэтгэл зүйн мэргэжилтнүүд гэж ер нь бий юу?
Энэ бүх хэрэгтэй тоо, бүртгэлийг 1-2 сарын дотор гаргаж өгөөч гэж зочдоосоо хүсэж уулзалт тарлаа.
Бид тэр дороо ажлын хэсэг байгуулж, одоогийн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх багш нараар ахлуулав. Судалгааны дүн удахгүй гарсан.
Манай МУИС, МУБИС, Улаанбаатар эрдэм, Дарханы бас нэг их сургууль гээд хэдэн ч газар сэтгэл зүйч мэргэжилтэн бэлтгэдэг, зарим нь мэргэжлийн хичээлийг нь үздэг юм байна. Уг нь нийлээд жилдээ 100 гаруй сэтгэл зүйч манай улсад төгсдөг юм санж.
45 хоногийн түргэвчилсэн курс
Ердийн сэтгэл зүйчийг хүүхэдтэй ажиллуулахын тулд дахин мэргэшүүлэх шаардлагатай. Үүнд багадаа 3-6 сарын хугацаа орно. Тэрнээс богино хугацаа байж болох уу гэж бид эрэлхийллээ.
Ажлын хэсэг маань мэргэжлийн судалгаа хийж байгаад “хэрвээ бакалаврын 120 кредит хичээлээс хамгийн багадаа 80 кредит цагт нь сэтгэл зүйн мэргэжлийн хичээл үзсэн хүн байх юм бол 45 хоногийн эрчимжүүлсэн хөтөлбөрөөр сургаж болно” гэсэн дүгнэлт гаргав.
Ахиад богиносгох ч аргагүй сүүлчийн зогсоол нь энэ ажээ. Харин ч боломжийн!
Эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг дээрх сургуулиуд, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, ТББ-ууд болон урдаа барьдаг нарийн мэргэжлийн сэтгэл зүйч нар нийлж “нойр хоолгүй” ажилласаар боловсруулж дуусгасан билээ.
Ингээд “45 хоногийн түргэвчилсэн курсээ” эхлэхэд бараг л бэлэн. Харин одоо сурах хүмүүсээ олно.
Энэ үед Швейцарын хөгжлийн агентлагаас улс даяар 30 сургуулийг түшиц болгон “Тогтвортой хөгжлийн боловсрол олгох” хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Хөтөлбөр нь сургууль бүхлээрээ хөгжих, менежментээ сайжруулах, сурагчийн ар гэр, багш нарыг оролцуулах, сэтгэл зүйг нь анхаарч үзэх гэсэн агуулгатай.
Зарим талаараа бидний зорилттой нийцэж байгаа тул тус агентлагт хамтран ажиллах санал тавилаа. Тэд ч цааргалсангүй. Ингээд тэр сургуулиудад “боловсролын сэтгэл зүйчээр мэргэшүүлэх мэргэжилтнээ бэлдэж явуулна уу” гэсэн үүрэг өглөө.
Гучин хүн ч дорхноо ирэв. Даанч 25 нь манай хайж буй мэргэжилтэй ямар ч хамаагүй хүмүүс болж таарав. “Манай энэ багш 20 жил бага ангийн багш хийсэн. Хүүхдийнхээ сэтгэл зүйг ер нь л мэдэж байгаа доо...” гэх маягийн тайлбартай.
Сургуулиудаас “хэрэг болчих хүн” ер нь гарахгүйг ингэж харав. Одоо тэгээд хүн бүрээс “таньдаг сэтгэл зүйч байна уу?” гээд явалтай биш, шууд л орон даяар сонгон шалгаруулалт зарлалаа. 2021 оны долоодугаар сард 80 гаруй хүн зарын дагуу ирж ярилцлагад орсон. Эрэлттэй байгаа мэргэжилтнүүд маань өлгүүрчин, худалдагч, үсчин, тогооч, менежэр гэх мэт төрөл бүрийн ажил хийцгээж байна. Ач холбогдлыг нь ойлгож байгаагүй тул манай нийгэмд үнэхээр сэтгэл зүйчийн хэрэгцээгүй харагдах ажээ.
Энэ эхний 80 хүнээс заасан кредит цагаа үзээгүй, дадлага ажилд хамрагдаагүй гэх мэтээр гучин хүн нь шууд л хасагдав. Тэгээд үлдсэн хүмүүсээ түргэвчилсэн курстээ хамруулсан. Эндээс л яг бидний хайж байгаа эхний 30 сэтгэл зүйчээ “курсийг нь төгсгөж аваад” ажилд нь оруулсан даа.
Сэтгэл зүйч хэрэг болсон сэтгэл зүйч Ажилдаа орсон мэргэжилтнүүд маань эхнээсээ л хүнд цохилтод орж эхэлсэн байдаг. Урьд өмнө нь манайд хүүхдийн сэтгэл зүйч гэж байгаад, хүүхдүүдтэй тэгж ярилцаж, яриулж байсан түүх ч байхгүй.
...Хорвоод төрөөд нэг л арваныг туулаад байгаа хүүхдүүд атал ямар зузаан зовлонг үүрч явдаг байна вэ? Бэлгийн хүчирхийлэлд байнга байдаг охин, аав нь шөнө болгон агсан тавьж унтуулдаггүй хүүхэд, зодуур нүдүүр дунд өнгөрөөдөг өдрүүд, хүнд өвчтэй ар гэр, гэдэс өлсгөлөн хичээлдээ ирдэг багачууд, үе тэнгийнхнээрээ дээрэлхүүлж амиа хорлохоор шийдсэн хүү, тэр охин...
Зовлонгийнх нь учрыг хэлж, ингээрэй тэгээрэй гэж гарцыг нь зааж өгөөд, урам зоригоор тэтгэж, эдгээгээд гаргах ёстой улсууд маань энэ бүхнийг сонсоод өөрсдөө хямралд орчихов. Зарим нь дахин ажилдаа очиж чадахгүй болтлоо унтарчихсан байсан. Бидэнд сэтгэл зүйчдийг нь маань аварч өгөх сэтгэл зүйч хэрэг боллоо.
Бид мэргэжилтнүүдийнхээ дунд дэмжин засах арга хэмжээг зохион байгуулж, 14 хоногт нэг удаа болдог тогтмол уулзалт хийж эхэлсэн. Таван хүний дунд нэг ментортой. Сэтгэл зүйчид маань энд ирж цэнэгээ дүүргэж аваад, ажил дээрээ очиж “үйлчлүүлэгчдээ цэнэглэнэ”. Өөрийгөө дуусгаад, туйлдаад ирэхийн цагт ээлжит ментор уулзалтдаа орж дахин дүүргэж авна. Амаргүй ажил. Үнэхээр амаргүй ажил...үргэлжлэл бий...
Системийн туйлдал ба реформ номын хэсгээс....

