Үйл явдал1 мин унших
Булган аймагт СДМЭХ-ны удирдлагууд ажиллаж байна

УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал орон нутаг дахь томилолтын хүрээнд Булган аймагт ажиллаж, иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсож байна. Энэхүү багийн бүрэлдэхүүнд намын дэргэдэх салбар байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцож байгаа бөгөөд үйл ажиллагаа анхдагч, алдартнуудын өлгий Булган аймгийн төв талбай дахь Цогт хунтайжийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэллээ.
Томилолтын хүрээнд СДМЭХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн Цогзолмаа, СДМЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Г.Гангамөрөн, Н.Чимгүүндарь, Н.Мандухай нар Булган аймагт ажиллаж, бүсгүйчүүдтэйгээ уулзан WOMEN бодлогыг танилцуулж, холбооны цаашид хэрэгжүүлэх ажил, зорилгын талаар санал солилцлоо.
Уулзалтаар бүсгүйчүүдийнхээ дуу хоолой, хүсэл тэмүүлэл, орон нутаг дахь бодит хэрэгцээ шаардлагыг сонсож, хамтын оролцоонд түшиглэсэн шинэ шатны ажлын эхлэлийг тавьлаа. Булган аймгийн СДМЭХ-ны тэргүүн Юмжирмаа болон тэргүүлэгчид WOMEN бодлогыг дэмжиж, идэвхтэй оролцоогоо ханган ажиллахаа илэрхийллээ.
16 сум, нэг тосгоны 80 гаруй бүсгүйчүүд идэвхтэй оролцож, бүсгүйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, “Эрүүл ээж” хөтөлбөрт онцгой анхаарал хандуулах хүсэлтээ уламжилсан нь энэ удаагийн уулзалтыг илүү утга учиртай, үр өгөөжтэй болголоо.
Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдэл бол орон нутгийн хөгжил, гэр бүлийн сайн сайхан, ирээдүйн бат бөх үндэс юм.







