#Тойрог2 мин унших
З.Мэндсайхан: Чуулганы завсарлагаанаар тойргийнхоо 4300 иргэнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган /2026.03.16/ нээлтээ хийлээ.
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ “2024 оны сонгуулиар таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа энэ Хаврын чуулганаар талдаа орлоо.
Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг та биднээс цаг хугацаа шаардаж байна. Ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье” хэмээн онцоллоо.
Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн З.Мэндсайхан УИХ-ын 2 дугаар тойрог Ховд аймагтаа ажиллаж, 4300 гаруй иргэнтэй нүүр тулан уулзаж, орон нутгийн иргэдийнхээ ажил, амьдралд нь тулгамдсан асуудлын талаарх санал бодлыг нь сонсож, хууль тогтоомж хэрхэн газар дээрээ хэрэгжиж буйтай танилцан, Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслийн талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ санал бодлыг нь нээлттэй сонссон юм.
Иргэдээ сонсох уулзалтын хүрээнд хамгийн их яригдсан малчны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны болон тэтгэврийн тухай, төрийн захиргааны албан хаагчид, төрийн үйлчилгээний салбарын ажиллагсад, эмч багш нар, соёлын салбарынханы цалин хөлсний нэмэгдэл, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн гаргасан санал санаачлага, хүсэлтүүдийг холбогдох газрууд, хариуцсан яамдуудад уламжилж, шуурхай хэрэгжүүлэхийг шаардаж ажиллах болно.
Мөн иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн төвтэй хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн сайн сайханы төлөө эрхзүйн эрүүл орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-ын энэ хаврын чуулганаар онцгой анхаарч ажиллана.




