Байр суурь2 мин унших
Х.Тэмүүжин: Монгол Улсын ЗГ-ыг кабинетаар нь ажиллуулдаг болгоорой!
УИХ-ын чуулганы /2026.03.30/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Учралаас УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Н.Учрал гэдэг хүн буруу суудал дээр буруу микрофоноор олон зөв юм ярьсан. Би "чөлөөлөлт" гэдэг энэ үгийн ард байгаа бодлогыг чинь бол дэмжиж байгаа. Одоо зөв суудал дээрээс, зөв микрофоноор, бас энэ үгээ хэлээд өөрөө гардан хэрэгжүүлдэг тэр ажил руу очих гэж байна. Үнэхээр энэ хөрөнгө оруулалт, төрийн нүүр харахгүйгээр төрийн гар харахгүйгээр өөрийнхөө амьдралыг авч яваад, ажлын байр бий болгоод улс орны эдийн засгийг босгоод, татвар төлөөд, дээр нь иргэдийг орлогожуулж байгаа энэ хүмүүс дээр учирч байгаа хүндрэл бэрхшээлүүдийг алга болгож чөлөөлж өгье гэж байгаа.
Энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлээрэй. Үнэхээр энэ улс орныг нуруундаа авч явж байгаа маш олон хүмүүс гартаа хөлдүү гавтай, дөнгөтэй урагшлах гэж оролдож байгаа. Гав дөнгөөс нь салгаад өгвөл хэнээс ч гуйхгүйгээр энэ улс орныг сэб хийтэл босгоод яваад байх хэмжээний бодол санаа, хөдөлмөрч зан чанар тэдэнд байна . Яг үүнтэй адилхан би танаас бас дахиад нэг юм хүсэх гэж байгаа юм. Монгол Улсын ЗГ-ыг кабинетаар нь ажиллуулдаг болгоорой. Анх Ц.Элбэгдорж гэдэг хүн хамтарсан ЗГ байгуулж, 2 намаас барьцаалж байгаа юм шиг Ерөнхий сайдаа шалгадаг, хянадаг юм уу, яадаг юм хажууд нь Шадар сайд тавьж байгаад УИХ-ын жижгэрүүлсэн хувилбарыг ЗГ дээр байгуулсан юм. Бага хурал шиг кабинетын зарчим гэдэг бол Ерөнхий сайдын кабинет.
Ерөнхий сайд салбар хэнийг хариуцуулах вэ гээд, тэр 2 хүн шийдээд л, бодлогоо гаргаад, бусад сайддаа мэдэгдээд цаашаа урагшилдаг болохоос биш, УИХ шиг хуралдаад олонхоороо шийддэг тийм жижиг хурлын хэлбэр ЗГ-т угаасаа зохихгүй. Угаасаа гүйцэтгэх эрх мэдэл ингэж ажилладаггүй. Монгол улс 2 хуралтай хуралдаж байгаа. УИХ гээд нэг хуралтай. ЗГ гээд нэг Бага хуралтай. ЗГ-т ажил хийдэг хүмүүс байдаг болохоос яг хуралдаа суудаг гоё яриад суудаг хүмүүс ерөөсөө байдаггүй юм.

Тийм учраас ажил хийж чаддаг хүмүүсээр энэ засгийн газраа бүрдүүлээрэй. Дээр нь гадаад, дотоод байдал гээд олон зүйлийг бүх хүмүүс ярьж байна. Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадавхтай холбоотой Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулахтай холбоотой энэ бодлогын хүрээнд, зоригтойнхон шиг дэвшилтийн ажлууд хийгээрэй. Би танд 2024-2028 оны ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 заалтын дугаарыг дурдаж өгөх гэж байгаа юм 4.2.1.8 та тэмдэглээд аваарай 4.2.1.13, 4.2.1.14, 4.2.1.16.
Сэтгүүлч Ц.Соёлмаа















