#Коммент3 мин унших

Б.Уянга: Байгалийн баялаг тойрсон элдэв төрлийн авлигад цэг тавья!

Б.Уянга: Байгалийн баялаг тойрсон элдэв төрлийн авлигад цэг тавья!
УИХ-ын гишүүн Б.Уянга

Монгол Улсын Үндсэн хуульд "Байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр иргэд өөрсдийн мэдэлд байгаа баялгаас хэдий хэмжээний ашиг олж, тэр нь хаашаа зарцуулагдаж байгааг шилэн байдлаар харж чадаж байна уу? Энэхүү асуултын хариулт болон уул уурхайн салбарын "нууцлаг" хөшгийг нээж болохуйц хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Уянга боловсруулж байгаа. Тус хууль нь “Олборлох салбарын ил тод байдлын тухай” гэсэн бие даасан хуулийн төсөл бөгөөд яг одоо d.parliament.mn сайт дээр санал авч байгаа аж. Та бүхэн ч ороод хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой.


Яагаад энэ хууль хэрэгтэй вэ?

Өнөөдөр олборлох салбар Монгол Улсын ДНБ-ий 20-30 хувийг дангаараа бүрдүүлж буй нь эдийн засгийн "зүрх" гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ салбарыг дагасан авлига, ашиг сонирхлын зөрчил, "нүүрсний" гэх мэт томоохон хэргүүд нийгэмд шударга бус байдлын голомт мэт харагдах болсон. Олон улсын санхүүгийн байгууллагууд (ОУВС, Дэлхийн банк) манай олборлох салбарыг авлига, мөнгө угаах эрсдэл өндөртэй гэж дүгнэдэг. Одоо мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хууль болон бусад салбарын хуулиуд нь зөвхөн өөрийн чиглэлийн харилцааг зохицуулдаг бөгөөд "ил тод байдал"-ыг бүхэлд нь зангидсан нэгдсэн стандартгүй байгаа юм. Тиймээс энэхүү анхдагч хууль нь байгалийн баялгийг ашиглаж буй бүх шатанд "гэрэл тусгах" ганцхан зорилготой.

Хуулийн төслөөс анхаарах 3 зүйл

Энэхүү хууль батлагдсанаар бидний амьдралд бодитоор нөлөөлөх гурван гол өөрчлөлт бол:

  1. Эцсийн өмчлөгч "ил" болно: Тусгай зөвшөөрлийн ард хэн байгаа вэ? Хэн ашиг хүртэж байна вэ? Хуулийн төсөлд эцсийн өмчлөгч, эцсийн эзэмшигчийн мэдээллийг нарийвчлан ил болгохоор тусгажээ. Энэ нь далд бизнес, давуу эрх олгох явдлыг таслан зогсоох хүчтэй хөшүүрэг болно.
  2. Нэгдсэн мэдээллийн сан: Зөвхөн ашигт малтмал биш, ус, ой, амьтан гээд байгалийн бүх нөөц ашиглалтын мэдээлэл нэг дор төвлөрнө. Иргэн та гар утсаараа дамжуулан орон нутагт чинь үйл ажиллагаа явуулж буй компани хэдий хэмжээний татвар төлсөн, байгаль орчныг хэрхэн нөхөн сэргээж байгааг хянах боломжтой болно.
  3. Гэрээний ил тод байдал: Төрийн болон орон нутгийн байгууллагаас компаниудтай байгуулсан бүх төрлийн гэрээ (хөрөнгө оруулалтын, хамтын ажиллагааны гэх мэт) нээлттэй болно. Нууцаар байгуулдаг, "найрааны" гэх гэрээнүүд түүх болон үлдэнэ гэсэн үг.


Үр дүнд нь…

"Ил тод байдал" гэдэг нь зөвхөн цаасан дээрх тоо биш юм. Энэ нь таны халаасанд орох ашигтай шууд холбоотой.

●    Баялгийн сангийн хяналт: Татвараар цугларсан орлого хаашаа орж, хэрхэн хуваарилагдаж байгааг иргэд мэддэг болсноор Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг бодитоор хүртэх нөхцөл бүрдэнэ.

●    Авлига буурна: Төрийн өмчит компаниудын үргүй зардал, худалдан авалтын луйвар багассанаар улсын төсөвт төвлөрөх мөнгө нэмэгдэж, энэ нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон очих боломжийг нээнэ.

●    Байгаль орчны хамгаалалт: Орон нутгийн иргэд мэдээлэлтэй болсноор уул уурхайн компаниудад шаардлага тавьж, байгаль орчны нөхөн сэргээлтийг бодитоор шаардах эрх зүйн баталгаатай болно.

Б.Уянга: Байгалийн баялаг тойрсон элдэв төрлийн авлигад цэг тавья!

Төгсгөлд нь хэлэхэд байгалийн баялаг бол дундардаг нөөц. Харин түүнийг ашиглах "дүрэм" нь тодорхой, хяналт нь нээлттэй байх нь улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа гэлтэй. Олборлох салбарын ил тод байдлын тухай хууль бол Монгол Улс байгалийн баялагтаа "жинхэнэ эзэн" шиг хандаж эхлэх түүхэн шилжилтийн цэг байх болно гэдгийг хууль санаачлагч үзэж байгаа ажээ.

Сэтгүүлч Уугантуяа

Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2013
  4. 2012
  5. 2010
  6. 2009