Үйл явдал2 мин унших

"Эмэгтэй улс төрчдийн дуу хоолой” сэдэвт судалгааны тайлантай танилцах уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

"Эмэгтэй улс төрчдийн дуу хоолой” сэдэвт судалгааны тайлантай танилцах уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Эмэгтэй улс төрчдийг дэмжих хэрэгцээ шаардлагад үндэслэн хийгдсэн “Эмэгтэй улс төрчдийн дуу хоолой” судалгааны тайланг хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүдэд танилцууллаа.

Тус судалгаанд улс төрийн сонгуульт үйл ажиллагаанд оролцож байсан 370 эмэгтэй, мөн гүнзгийрүүлсэн ярилцлагад 20 эмэгтэй улс төрч хамрагдсан бөгөөд насны ангилал, намын харьяалал, сонгуульд оролцсон байдал, нэр дэвшсэн болон ялалт байгуулсан үзүүлэлтүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийсэн байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр олон жилийн турш тууштай ажиллаж, “Мэдрэмжтэй мэдээлье” санаачилгын хүрээнд редакц, сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Судалгааны дүнгээс харахад эмэгтэй улс төрчдийг хэвлэл мэдээллээр тэнцвэртэй, хэвшмэл ойлголтоос ангид байдлаар хүргэх тал дээр ахиц гарч буй хэдий ч тэдний туршлага, үзэл бодлыг гүнзгий тусгасан чанарын судалгаа дутмаг байсаар иржээ.

Мөн эмэгтэй улс төрчдийн эсрэг цахим орчин дахь дайралт, дарамт нь анхаарал татсан асуудал хэвээр байна. Энэхүү судалгаа нь эмэгтэй улс төрчдийн бодит туршлага, дуу хоолойд тулгуурлан хэвлэл мэдээлэл болон цахим орчинд тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах боломжит шийдлүүдийг системтэйгээр тодорхойлсон анхны цогц ажил болсноороо онцлог юм.

Судалгааны үр дүн нь эмэгтэй улс төрчдийн эсрэг чиглэсэн ялгаварлан гадуурхалт, цахим дайралтыг баримтжуулж, эдгээрийг бууруулах нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон харуулж байна.

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодитоор дэмжих, тэгш оролцоог хангах нь ардчилсан нийгмийн чухал үнэт зүйл билээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Эмэгтэйчүүдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2013