#Шилэн хууль2 мин унших
Австри улсад амьдарч буй монгол иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдлөө

Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн хамгааллын хэлэлцээрийг улс орнуудтай байгуулан ажилладаг.
Энэ хүрээнд, ОХУ, БНСУ, Унгар, Польш, Турк, Чех, Казахстан улс гэсэн долоон улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээр байгуулсан энэ улс орнуудад 92 мянга гаруй монгол иргэн ажиллаж амьдарч байна.
Харин Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг /2026.04.02/-ны өдрийн чуулганы хуралдаанаар соёрхон баталснаар найм дахь улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулж байна.
Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яам 2023 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Улмаар Олон улсын гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, талуудын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангаснаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ.
Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсгэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжрах юм.
Цаашдаа манай улс Австрали, ХБНГУ, АНУ-тай энэ төрлийн хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа аж.
Сэтгүүлч Ц.Соёлмаа



