Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Нийгмийн soft хэм хэмжээг хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болгочихоор улс төрийн сэдлээр ашиглах боломжтой болчих юм
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.04.07/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хуралдаан даргалагч зарим гишүүдийн зүгээс УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн төслөөр хөндөгдөж орж ирсэн асуудлуудыг боловсронгуй болгоод цааш хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь хууль, эрх зүйн хувьд хүлээн авах боломжгүй хэмээн асуудалд хандаж байгааг тодотгов. Тийм учраас намуудын төлөөллийг жигд багтаан ажлын хэсэг байгуулаад, хуулийн төслийг тал бүрээс нь авч үзэн илүү боловсронгуй болгоход анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ хариуцлагатай байх, хариуцлага тооцох механизмтай байх ёстой гэдэг шаардлагыг ойлгож байгаа, байх ч ёстой. 30 гаран жил мөрдөж ирсэн Үндсэн хуулиндаа УИХ өөрөө үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлагын ямар механизм үйлчлэх тухайд Үндсэн хуулийн зохицуулалт сул. Энэ асуудал зөвхөн 126 гишүүнтэй шинэ парламентын ч асуудал биш юм. Энэ бол 30-аад жилийн парламентын үйл ажиллагааны бугшил.
Хуулийн төслийг харахад УИХ-ын гишүүдийг 4 шалгуураар эгүүлэн татдаг болох юм байна.
Үүний 2 нь маш тодорхой, хэн ч маргахгүй. Ард түмний төлөөлөл болж хуралдаандаа сууж, шийдвэр гаргалтад оролцох бол үндсэн ажил. Тэгэхээр огт ирдэггүй гишүүдэд хариуцлага тооцох механизм байх ёстой.
Харин үлдсэн 2 шалгуур буюу тангаргаасаа няцсан, ёс зүйн ноцтой зөрчил гэсэн 2 шалгуур тодорхой бус, субьектив байдалтай байгаа юм.
1. Тангаргынхаа аль хэсгийг зөрчсөнийг Цэц тогтоох юмуу? Ашиг сонирхлоос ангид байх тухай тангарагт бий. Хэрэв ашиг сонирхолд автсан бол эрүүгийн гэмт хэргийн хуулиараа зохицуулагдана. Гишүүнийхээ үүргийг чин шударгаар биелүүлээгүй гэдгийг яагаад шүүгч шийдэхгүй Цэцээр шийдүүлэх гээд байгаа вэ?
2. Ёс зүйг бүрэн хуульчилдаггүй юм. Хуульчлаад явахаар зарим нь эрүүгийн хэрэг үүсээд явна. Зарим нь нийгмийн soft хэм хэмжээ хэвээр үлддэг. Үүнийг хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болгоод ороод ирж байна. Тэгэхээр үүнийг улс төрийн сэдлээр буруугаар ашиглах боломжтой.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




