Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Ерөнхийлөгчийн хуулийн шийдэл нь залхуу, асуудалтай нь биш хүнтэй нь зууралдаад байна!
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ дахь Ёс зүйн дэд хороо гэдэг механизм ажиллаггүй, хариуцлага тооцдог механизм сул учраас үеийн үед энэ асуудал яригдаад байгаа. Миний хувьд заримтай нь санал нийлж, заримтай нь нийлэхгүй байгаа. УИХ-ын гишүүн ард түмнээс мандат аваад ирсэн бол хуралдаа суудаг, саналаа өгдөг байх нь хамгийн анхан шатны үүрэг, олон улсын жишиг нь ч тийм. Халтмаагийн Баттулга хойд бүсээс сонгогдчихоод манай байнгын хорооны хуралд нэг ч суугаагүй. Австралид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 сараас дээш чуулган хуралдаа ирэхгүй бол хөөдөг, суудал нь хүчингүй болдог. Латвиад хуралдааныхаа талаас илүү хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр суухгүй бол хөөдөг. Бидэнд сахилга бат хэрэгтэй байна.

Энэ хуулийг парламентын дархлааг бэхжүүлэх ач холбогдолтой, сахилга бат муу байгаа учраас нэр хүнд унаж байна аа гэдэг асуудлыг зөв тодорхойлсон байна аа. Гэхдээ шийдэл чинь залхуу байна. Учир нь хүнтэй зууралдаад байна. Улс төрийн намд нь өгч байгаа хариуцлага байхгүй, наана нь гарч ирж байгаа хүнтэй нь зууралдсан хууль байна. Хэрэв улс төрийн намд нь хариуцлага хүлээлгэх бол гарцууд байна. Ёс зүйн зөрчил гаргасан, сахилгын шийтгэл авч байсан хүмүүсээ нам нь нэр дэвшүүлдэггүй байх хэрэгтэй шүү дээ.
Тангаргаасаа няцсан бол эргүүлж татчихна аа гэдэг маш ерөнхий, тодорхой бус юм хэлээд байгаа. Тодорхой бус байдлын цаана зэвсэг болгон ашиглах орон зайг нээх гээд байна. Тангаргаасаа няцсан гэдгийг юу гэж ойлгох юм бэ?
Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




