Үйл явдал1 мин унших
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзалт хийлээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар 2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр албан уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтыг өмнө нь Бээжин хотноо байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг уялдуулах, цаашдын хамтын ажиллагааг тодорхой болгоход чиглэсэн юм.

Уулзалтын үеэр эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлд хамтран хэрэгжүүлэх боломжит ажлуудын талаар ярилцаж, туршлага судлах айлчлал, сургалт, чадавхжуулах хөтөлбөрүүдийг зохион байгуулах боломжийг онцоллоо. Мөн орон нутгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн практик ач холбогдолтой сургалтыг дэмжих, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд анхаарах талаар байр сууриа илэрхийллээ.

Элчин сайд Шэнь Миньжуаний зүгээс БНХАУ-аас СДМЭХ-ны гишүүн эмэгтэйчүүдийг богино хугацааны ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, сайн засаглалын чиглэлийн сургалт, мөн орон нутгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн мэргэжлийн сургалтуудад хамруулах боломжтойг дурдав. Түүнчлэн БНХАУ-ын эмэгтэйчүүдийн их сургуультай танилцаж, туршлага судлахад дэмжин ажиллахаа илэрхийллээ. СДМЭХ-ны зүгээс эдгээр саналуудыг дэмжиж, цаашид уялдаа холбоотой, бодит үр дүнд чиглэсэн байдлаар хамтран ажиллахаар болов.
Уулзалтын төгсгөлд талууд өмнө тохирсон ажлуудыг ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг харилцан ойлголцол, итгэлцэлд тулгуурлан өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


