Онцлох мэдээ2 мин унших

Нийгмийн ажлын тухай хуулийг хэлэлцэж байна

Нийгмийн ажлын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар  Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хуулийн төслийг танилцууллаа.

Төслөөр нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааны стандарт, арга зүй, хариуцлагын тогтолцоог тодорхой болгон нэгтгэж буйгаараа онцлогтой аж. Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд нийгмийн ажлын үйлчилгээг иргэдэд хүргэх, амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр олон зорилт, арга хэмжээ туссан байдаг. Тэдгээрийг хэрэгжүүлэх үйл явцыг тодотгох шаардлагатай болоод байгааг төсөл санаачлагч танилцуулав.

Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсад боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, нийгмийн хөгжил, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалал, хууль зүйн салбарт нийтдээ 3000 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа аж. Тэдгээрийн 60 гаруй хувь нь өөр мэргэжлийн хүмүүс, 80 хувь нь төрийн албан хаагч юм байна. Ажиллаж буй салбараасаа шалтгаалан төрийн албан тушаалын ангилал өөр байдгаас цалин хөлс, нийгмийн баталгаа, үйлчилгээний төрөл, хэлбэр, мэргэжлийн хувьд ахих, дэвших үйлчилгээний чанар, үр дүн, түүнийг үнэлэх үнэлэмж, үнэ цэн нь эрс ялгаатай байгаа гэдгийг танилцуулсан.

2025 оны нэгдүгээр сараас сум, хорооны нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог Засгийн газраас тогтоон 770 албан хаагч ТҮМ 4 ангилал зэрэглэлээр ажиллаж, 1.3 сая төгрөгөөр цалинжиж байгаа гэлээ. Гэтэл нийгмийн ажилтны хэрэгцээ, шаардлага байсаар байгаа. Энэ салбарт буюу хөдөлмөрийн хэлтэст ажиллах нийгмийн ажилтнуудын цалингийн зэрэглэл нь ТЗ 8, 9 гээд нөгөө цалингийн зэрэглэл нь бусад салбараас 60 хувь, тухайн салбарынхаа дунджаас 60 хувь бага байдаг гэв. Цалин бага, хийж байгаа ажил, гүйцэтгэлийн тайлан харилцан адилгүйгээс хамаараад энэ салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын ажиллах дундаж хугацаа 3 жил байгаа гэх судалгааг дурдав. 

Хуулийн төсөлд Үндэсний хороо болон Нийгмийн ажлын мэргэжилтний холбоог байгуулаад, Засгийн газар, мэргэжлийн холбоо нь Үндэсний хороо гэдэг бүтцээр дамжуулан асуудлуудыг зөвшилцөх зохион байгуулалтыг зураглаж, тусгасан байна. Төслийн анхны хувилбарыг анх 2023 онд Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд танилцуулж, сайжруулсаар ирснийг О.Саранчулуун гишүүн тэмдэглэсэн. Үргэлжлүүлэн тэрбээр нийгмийн ажлын үйлчилгээний талаарх тоо баримтыг танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Х.Болормаа байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Хууль, эрх зүйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016